Коронавирусийн улмаас Монгол улсын засгийн газар Солонгос, Япон, Орос улсуудаас чартер нислэгээр иргэдээ татаж, 2000 орчим хүн авч ирээд байна. Харин Энэтхэг улсад байгаа Монголчууд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хүсэлт хүргүүлсэн юм. Учир нь Энэтхэгт 5-р сарын 3 хүртэл хөл хорио тогтоож, дэлгүүрүүд нь хоосорч, Ази хүмүүс гадуур явахад гадуурхагдаж, АТМ ч орох боломжгүй маш хүнд нөхцөлд байна гэсэн юм.
Энэтхэг улсаас 500 хүн эх орондоо ирэх хүсэлт өгсний 314 нь шашны сургуульд сурдаг 9-16 насны хүүхэд, элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор очсон иргэд ба тэдний гэр бүл, оюутнууд зэрэг хүмүүс байгаа юм.
Манай сайтад хандсан Энэтхэгт байгаа Монголчуудын хэлж байгаагаар уснаас өөр хоол ундгүй,гадаа +40 хэмийн халуунтай коронавирусээс биш өлсгөлөнгөөр өвдөх эрсдэлтэй байна гэв.
Иргэн Н: Би Энэтхэгийн Дарамсалад суралцдаг. 3-р сарын 13-нд хичээл хааснаас хойш сургуулийн хашаанаасаа гараагүй байгаа. Манай энд хөдөө болохоор ч тэр үү дэлгүүрүүд хоосон. Хатаасан гоймонгоос өөр хүнсгүй байна. Хамт сурч байсан Энэтхэг найзууд маань ч надтай харьцахаа больсон. Маш их ялгаварлан гадуурхалт байна. АТМ ч орох боломжгүй маш хүнд байна. Монгол улсын засгийн газар биднийг яаралтай авахыг хүсье. Бид очоод дүрэм журмаа сайн биелүүлнэ. Монгол улсын засгийн газар хүсэлт тавивал Энэтхэг улс чартер нислэг хийж өгч болно гэсэн хариу өгсөн. Тиймээс бидэнд даруй анхаараач ээ гэж гуйж байна.
/зураг дээр дэлгүүрт байгаа хүнс/
Иргэн Б.Байгал: Би Энэтхэгийн Шинэ Дэли хотод байна. Нэг сарын сүүлээр хоёр хүүхэдтэйгээ энд ирсэн. Гуравдугаар сарын 13-нд буцах ёстой байсан ч Монгол Улс хилээ хааснаар бид энд гацсан. Энэтхэг гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 15-н хүртэл 21 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Ойр зуурын дэлгүүр гарахад хэцүү байгаа. Дэлгүүрт хүнс ногооны зүйл, мах махан бүтээгдэхүүн байхгүй. Чипс ундаа мэтийн зүйл л үлдсэн. Энэтхэг хүмүүс коронавирусыг БНХАУ-аас орж ирсэн гэж үзэж байгаа тул Ази царайтай хүмүүсийг маш их ялгаварлан гадуурхаж байна. Би нялх хүүхэдтэйгээ явж байгаа. Тийм болохоор хүүхдийн тэжээл авах хэцүү. Өмнө нь өгч байсан тэжээл дууссан учир эмийн санд байгаа тэжээлийг л өгч байна. Манай хүүхэд одоо 10 сартай. Одоогоор цагаан хоол л идүүлж байна. Бантан, махан хоол өгөх арга байхгүй.
Манай улс Энэтхэг улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-тэй 40 улсын нэг нь юм.