"Бизнес өрөг" нэвтрүүлэг Live дугаараараа “Коронавирусын дараа бизнесүүд яаж өөрчлөгдөх вэ” сэдвээр ярилцлаа. Зочдын онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
“Michel Amazonka” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал:
1. Коронавирус гарсан шалтгааныг хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй, зэрлэг амьтадтай зүй бус харьцсаны сануулга гэдгийг ойлгож эхэлж байна. Хүн төрөлхтний хийж байгаа үйлдлүүд эргээд өөрсөддөө хор хөнөөл авчирч байгааг анхаарууллаа. Тийм болохоор коронавирусын дараа хүн бүрийн амьдралын хэв маяг өөрчлөгдөнө байх гэсэн хандлагатай байна.
2. Хувцас загварын салбар өмнөх шигээ хөгжиж явахаа болино гэсэн таамаглалыг нөлөө бүхий дизайнерууд бичиж байна. Хувцасны үйлдвэрүүд байгальд ээлтэй технологи руу шилжинэ.
3. Саяхныг хүртэл хэрэглэгчид улирал бүрийн трэндээс трэндийн хооронд худалдан авалтын “золиос” болж байсан. Масс буюу их хэмжээгээр үйлдвэрлэгчид трэндийг бий болгож үнийг багасгахын тулд хувцас үйлдвэрлэлдээ синтетик, пластик материалыг хүртэл ихээр хэрэглэж байсан. Энэ нь байгальд шингэхгүй асар их хэмжээний бохирдол үүсгэж байсан. Масс үйлдвэрлэл цаашдаа ямар системээр явах вэ гэдэг их сонирхолтой болж байна.
4. Олны танил хүмүүс хүртэл чанартай цөөхөн хувцастай байя гэсэн уриалгыг гаргаж эхэлж байна. Жишээ нь жүжигчин Joaquin Phoenix /Joker/ нэг хослолоо бүх наадмуудад өмсөнө гэдгээ зарласан.
Одоо хүмүүс бидний өвөө эмээгийн үеийнх шиг эргээд нэг чанартай хувцас авч түүнийгээ хайрлан гамнаж өмсдөг хандлагатай болж эхэлнэ байх гэж найдаж байна.
5. Бид Лондон руу экспорт хийж эхэлж байгаа. Эхний захиалгаа илгээчихсэн. Тэд эхний захиалгаа авчихаад бидэнд тайлан өгөх юм. Ямар загварыг илүү сонихож байна, татан авалтын үе хэзээ хэзээ байх талаархи тайлангаа бид хүлээж байгаа. Тайлангаа аваад экспортын төлөвлөгөө тодорхой болно.
6. 30 гаруй ажилтнуудаа цалинтай байлгахын тулд юм юм хийж үзэж, хурдан хөрвөх хэрэгтэй болж байна. Онлайн дэлгүүрийн ажлаа эрчимжүүлж байна.
7. Коронавирус дууслаа гээд борлуулалт огцом өсөхгүй байх. Хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаж байна, хандлагыг дагаж бизнесээ өөрчилнө дөө.