Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагын талаарх тусгайлсан судалгаа манай улсад ховор байдаг. Үндэсний статистикийн хороо, жендэрийн үндэсний хороо хамтран ЖЕНДЭРИЙН СТАТИСТИК судалгааг гаргасан байна.
Энэ судалгаагаар Монгол эрэгтэй эмэгтэй дундаж наслалтын зөрүү их байгаа шалтгааныг тодорхойлохыг зорьжээ.
Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт сүүлийн 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж 5.4 жилээр нэмэгдсэн бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр өссөн байна.
Харин Монгол Улсын хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгах чиглэлээр тодорхой бодлого, үйл ажиллагаа байхгүй байна.
Судалгааг 18-26 насны 9356 эрэгтэйчүүдээс цуглуулсан юм.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛ
Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 83.1 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой бол 6.2 хувь нь боловсролгүй болон бага боловсролтой байна.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ
Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 74.9 хувь нь огт гэрлээгүй байна.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БИЕИЙН ЖИН
эрэгтэйчүүдийн 91.5 хувь нь хэвийн жинтэй
2.3 хувь нь жингийн дутагдалтай,
4.4 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа бол
1.8 хувь нь I, II болон III зэргийн таргалалттай байна.
Байршлаар авч үзвэл сумын төв, хөдөөд жингийн дутагдалтай залуучуудын хувь өндөр, нийслэл, аймгийн төв, тосгонд эсрэгээрээ жингийн илүүдэлтэй залуучуудын хувь өндөр байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДДАГ БАЙДАЛ…
Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна. Арван эрэгтэй тутмын ес нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй гэж үзсэн ч гурван эрэгтэй тутмын нэг нь урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагдаагүй байна. Насны бүлэг, боловсролын түвшин дээшлэх тусам эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй гэж үзсэн хувь нэмэгдсэн байна.
Бүлгийн ярилцлагаас эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй. Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна. Иймд гэр бүлийн хүрээнд эцэг эхийн үлгэр дууриаллаар эхнэрүүд нөхөртэйгөө урт удаан хамт амьдрахын тулд нөхрөө эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх, эцэг эхчүүд залуу хөвгүүдээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдах дадал заншил суутал цуг явах хэрэгтэй.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ
Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн ихэнх (96.6 хувь нь) зөв хооллолт эрүүл мэндэд чухал гэж үзсэн хэдий ч дөрвөн эрэгтэй тутмын нэг нь л зөв хооллож байна.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙДЭГ БАЙДАЛ
Мөн эрэгтэйчүүдийн 96.9 хувь нь дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд чухал гэж үзсэн бөгөөд нийт залуучуудын гуравны нэг нь буюу 30.3 хувь нь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байна.
Эрэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэхэд зөв хооллодог хувь, дасгал хөдөлгөөн чухал гэж үзэх хувь, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хувь нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч бакалавр, түүнээс дээш зэрэгтэй эрэгтэйчүүдийн 25.1 хувь нь тогтмол зөв хооллодог, 35.6 хувь нь дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Иймд боловсролын системээр дамжуулаад зөв хооллох, дасгал хөдөлгөөн сайн хийхийн ач холбогдлыг илүү их таниулах хэрэгтэй юм.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТАМХИ, АРХИ ХЭРЭГЛЭХ БАЙДАЛ
Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 45.0 хувь нь одоо тамхи татдаг. 18-20 насанд анх согтууруулах ундаа уусан дундаж нас нь 17.4 байгаа нь залуучууд архи, тамхи хэрэглэж эхэлсэн нас эртэсч байгаа буюу залуучууд илүү багаасаа хорт зуршилд автаж байгааг харуулж байна.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬ ЭРСДЭХ БАЙДАЛ…
Нийт залуучуудын гуравны нэг нь амь эрсдэхээр эрсдэлтэй ямар нэгэн тохиолдолд орж байсан бөгөөд сүүлийн 12 сард өртсөн осол гэмтлийг тодруулахад 4.6 хувь нь мориноос унах, 4.5 хувь нь авто осолд орох эрсдлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Хөдөлмөрийн насанд хүрэхээр уул уурхай, барилга гэх мэт эрсдэл бүхий хөдөлмөрийг эрэгтэйчүүд эрхэлж байна. Одоогоор залуучуудын 43.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй 3 залуу тутмын 2 нь эрхэлж буй ажлаа эрсдэлтэй гэж үзсэн байна. Иймд аюултай хөдөлмөр эрхлүүлж буй газрууд тухайлбал уул уурхай, аж үйлдвэр, барилгууд ажлын байрны аюулгүй нөхцлийг бүрдүүлэх ажлыг бодитой зохион байгуулах хэрэгтэй.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГТ ОЧДОГГҮЙ ШАЛТГААН…
Эмнэлгүүдийг эрэгтэйчүүдийн кабинет, эрэгтэйчүүдийн эмчтэй болгох шаардлагатай. Судалгаанд хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн гурван эрэгтэй тутмын нэг нь өөрийн эрүүл мэндийг дунджаас доогуур оноогоор үнэлсэн буюу эрүүл мэндийн хувьд хангалтгүй байна. Эрүүл байх насны бүлэгт өвчлөл өндөр байна гэдэг массд өвчлөл өндөр байхыг харуулдаг бөгөөд 18- аас дээш насны 300 гаруй мянган эрэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд асуудалтай буюу дунджаас доогуур байж болохыг харуулж байна.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ ЭСЭХ
- Арван эрэгтэй тутмын ес нь өөрийн амьдралд сэтгэл хангалуун буюу сайн гэж үнэлсэн байна.
- Эрэгтэйчүүдийн 96.7 хувь нь гар утас хэрэглэдэг, 10 хүний 9 нь интернетэд байнга хэрэглэдэг бөгөөд 7 нь ихэвчлэн интернетээс мэдээлэл авдаг байна.
- Иймд эрэгтэйчүүдийн зөв хандлага, дадал, мэдлэгийг нэмэгдүүлэхэд гар утас болон интэрнетээр мэдээлэл хүргэх нь илүү үр дүнтэй
Чанарын судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү их байгаа хамгийн том шалтгаан нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, зуурдаар /эрхэлж буй ажлын эрсдэл, эрүүл зөв амьдрах хандлага, дадлаас улбаатай өвчлөл, осол гэмтэл, дэвшилтэт бус зан үйл/ амь насаа алдах нь өндөр байна гэж үзсэн.
Эрэгтэйчүүдийн зуурдын нас баралтыг бууруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд шууд болон шууд бус арга хэмжээнүүдийг богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.