2020 оны УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сард болох товтой байгаа. Шинэ төрлийн коронавирусын тархалтаас сэргийлэх, эрсдэлт байдал үүсгэхгүйн тулд УИХ-ын сонгуулийг хойшлуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн. Харин улс төрийн намууд өнгөрсөн сарын сүүлээр Үндэсний Аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Гэвч дөрвөн эвсэл, найман намын, нийт 12 мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй талаар бид мэдээлсэн /https://www.urug.mn/news/2034/.
Тэгвэл өчигдөр Ардчилсан намаас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн нийт 109 хүний нэрсийг ил болголоо. Тус жагсаалтад хэд хэдэн сонирхол татахаар хүмүүс байсан. Тэдний заримаас нь онцлон хүргэе.
1. Дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын ууган хүү П.Мөнхтулга
2019 оны Үндэсний их баяр наадамд түүний сойсон жигүүр бор азарга нь Айргийн гуравт хурдалсан.
2.Сошиал Инфлүнсэр О. Зундуйдорж /Mr Do/
Сошиал орчинд контентоо бүтээж, олон нийтэд цацдаг, хүмүүсийн мэдэхээр "Мr Do" буюу О.Зундуйдорж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор 100 сая төгрөгөө тушаажээ. Тэрээр Дорнод аймгаас нэр дэвших юм.
3.ТЕГ-ын дарга асан генерал- Б.Хурц
2020 оны УИХ-ын сонгуульд БЗД-ээс нэр дэвших генерал Б. Хурц
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц Тагнуулын байгууллагыг удирдаж байхдаа багагүй хэл аманд өртөж байсан. Тэрбээр, чуулганы хуралдаан дээр гишүүдэд хандан “Ярих уу, яах вэ?” гэж “араандаа зуусан нь” олны анхааралд өртөж байсан. Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохоор УИХ-аас дэмжсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвшөөрөөгүй буюу итгэмжлэх жуух бичгийг нь гардуулаагүй юм.
4. Жүжигчин, Алтны уурхайн эзэн- Ж.Баясгалан
Үргээлэг-1,2 кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Ж.Баясгалан ХУД-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших юм. Тэрээр 2017 онд осолд орж, БНСУ уруу явж эмчилгээ хийлгээд эх орондоо ирсэн. 2020 оны хоёрдугаар сард Ардчилсан намд элсэж, хэрэв боломж олдвол 2020 оны УИХ-д нэр дэвшинэ гэсэн юм. Тэгвэл Ж.Баясгалангийн нэр 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн жагсаалтад байснаар энэ жилийн УИХ-ын сонгуульд албан ёсоор нэр дэвшихээр боллоо.
5. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн аж.