Улс төрийн намууд Үндэсний аудитын газарт 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд хүргүүлсэн. Тэгвэл өчигдөр /2020.04.06/ аудитын байгууллагаас дүгнэлтээ танилцуулж, 4 эвсэл, 8 намын нийт 12 мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй тул зөрчлөө арилгах шаардлага хүргүүллээ. Үүнээс АН, МАН, МАХН-ын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй.
99 жилийн түүхтэй, үүний дайтай төр засагласан МАН шаардлага хангахгүй мөрийн хөтөлбөр өгчээ. Мөрийн хөтөлбөр нь шаардлага хангахгүй гэдгийг мэдэхгүй хүмүүс МАН-д зүтгэж байна уу? Мэдсээр байж сонгогдохын тулд юу ч хийсэн яах вэ, баахан мөнгө, сайхан амьдрал амлачихъя гэсэн улс төрчид ба цүнхчид байна уу. Өнөөгийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Харвард төгсөгч Л.Оюун-Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө гардуулсан. Гэтэл тэр ба тэд биднийг хуурах гэж оролдсон.
Харин АН 30 жилийн түүхтэй. Ардчиллаас хойш АН бусадтай эвсэж гурвантаа төр атгасан. Атал бас л шаардлага хангахгүй мөрийн хөтөлбөртэй. Хэн нь илүү сайн худал ярих вэ уралдаанд орж буй аятай хий хоосон амлалтууд. Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, эдийн засагч З.Нарантуяа, чухам эдийн засагч Р.Амаржаргал тэргүүтэй хүмүүс нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгсөн. Тэд яг эдийн засагчид уу? Эсвэл эд зүйлсээр хуурахыг оролдогчид уу? Аль нь ч байсан тэд бас л биднийг хуурах гэж оролдсон.
Тооцоо судалгаа муутай, бүтээмж нэмэх биш мөнгө өгнө л гэсэн амлалт. Хөтөлбөр биш мөрөөдлийн жагсаалтыг МАНАН нийлээд бичжээ. Нэгнээсээ дээрдэх зүйлгүй.
Харин мөрийн хөтөлбөр нь тэнцсэн намууд нь Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний нам зэрэг намууд юм.
Иргэд 3 сая, 5 саяын цалин авч, хүн бүр орон сууцанд амьдрахын тулд, Солонгос улсын иргэд шиг сайхан амьдаръя гэвэл тэдэн шиг бүтээмжтэй ажиллаж, тэдэн шиг үйлдвэрлэж, тэдэн шиг тогтвортой сайн бодлоготой байх хэрэгтэй. Төр тэдэн төгрөгний цалин өгнө гэж хэлээд ч өгчхөж болдог эд биш. Харин тийм цалингаар иргэд амьдрах таатай нөхцөлийг бодлогоор дэмжих, бүрдүүлэх учиртай.
МАНАН-д үзэл баримтлал байхгүй, бодлого гэж мэддэггүйн бодит жишээ.