БГД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 12-р хороонд байрлах обьектээс гар аргаар бэлтгэсэн хуурамч хоолны амтлагч, гарал үүслийн бичиггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг илрүүлжээ.
Энэ үеэр Солонгосын СИЖИ корпорацийн үйлдвэрлэдэг бидний сайн мэдэх ДАШИДА хоолны амтлагчийг гар аргаар, хуурамчаар үйлдвэрлэдэг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж болзошгүй 5-6 хүн нь дээрх бүтээгдэхүүнүүдээ хүнсний дэлгүүрүүдэд зардаг байжээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-р зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх хуультай.
18.16 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
1.Бусдын барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой үйлдсэн;
2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/