УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган /2020.04.06/өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж ТӨРИЙН ДУУЛАЛ эгшиглүүлдэг уламжлалтай. Харин энэ удаагийн төрийн дууллыг УИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулснаар хүргэснээрээ онцлог байв.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ
“Коронавирусийн халдвараас үүдэн дэлхий өөрчлөгдөж, биологийн аюулгүй байдал хурцаар тавигдаж, дэлхийн шинэ дэглэх тогтох тухай судлаачид ярьж байна. Онцгой нөхцөлд гарз хохирлыг багасгаж, дижитал хувьслыг хийхээр шаргуу ажиллахыг үүрэг болгож байна. Техник, технологийн шинэчлэлийг эрүүл мэнд, боловсролын салбарт хийхээс гадна бүтэц, орон тоо, цалин хөлсийг ч хамтад нь авч арга хэмжээ авах шаардлагатай байна. Бид нэг л эх оронтой, нэг нь нийтийнхээ, нийт нь нэгнийхээ төлөө хичээх, өнө өдрийнхөөс ч илүү их хичээх шаардлагатай байна. Хүн төрөлхтөн коронавирустай дайн зарласан учраас улс төрийн хийрхлээс татгалзаж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг дарж чадна. Эв нэгтэй цэгцэрсэн Монголынхоо төлөө хүн бүр хичээх хэрэгтэйг сануулж байна.” гэсэн юм.
Харин Г.Занданшатарыг үг хэлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ
“…Хямралын нөхцөлд төрийн удирдлагыг төвлөрүүлэх нь дарангуйлах бус аюулыг хохирол багатай туулах цорын ганц арга нь сахилга хариуцлагатай, төвлөрсөн хариуцлагатай, хамтран ажиллах нь найдвартай арга юм. Бид аюул хямралын тойрч чадахгүй учраас, эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүнд бэрхшээлийг даван туулах цаг бидний өмнө тулгарч ирлээ. Гамшгийн үед ажиллаж байгаа нийт албан хаагчид даа талархал илэрхийлж байна.” гэсэн нь эв нэгдлийг уриалсан хоёр дахь агуулга болов.
Мөн энэ удаагийн чуулганыг анх удаа цахимаар явуулж байгаагаараа онцлог юм. Учир нь улсын онцгой комисс, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд зохицуулалт хийж, чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явууллаа.
Цахимаар хуралдахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм.