CoVID-19 цар тахлын халдвар авсан хүний тоо нэг сая давж, эндэгсдийн тоо 50 мянгад хүрсэн билээ. Гэсэн ч УИХ-ын хаврын чуулганы хуваарьт ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийхээр болжээ. Манай улсад өндөржүүлсэн байдал зарласан мөн цар тахлын аюул байсаар байгаа учир олон хүнийг нэг дор цуглуулахгүй байгаа. Тэгвэл энэ жилийн хаврын чуулганыг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон талаар УИХ-ын тамгын газраас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 6-нд 11.00 цагаас Хаврын чуулганыг нээх ба таван танхимд зэрэг явагдах аж. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг хуралдааны танхим болон байнгын хороодын хуралдаанд нэвтрүүлэхгүй. Зөвхөн тусгай цэгт мэдээлэл өгч, түүнээс цааш нэвтрэхийг хориглосон байна.