Коронавирусын тархалт дэлхийн эдийн засагт маш хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа. Тэр дундаа олон улсын нислэгийн авиа компаниудад хамгийн том санхүүгийн хүндрэл үүсгэж байна. CoVID-19 халдварын улмаас дэлхийн олон улс орон нислэгээ хааж, зогсонги байдалд орсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн АНУ, Их Британи, Герман, Испани, Итали зэрэг улс БНХАУ уруу үйлддэг нислэгийн тоогоо цөөлж, заримыг нь цуцалсан. Харин гуравдугаар сараас эхлэн вирусийн өвчлөл Европ тивд хурдацтай тархсанаар нислэгийн авиа компаниуд том алдагдалд ороод байна. Үүний нэг жишээ болох Их Британи улсын "British Airways" компани 36 мянган ажилтнаа түр хугацаагаар чөлөөлөх болсноо зарлалаа. Энэхүү шийдвэрт тус компанийн ажилтны 80 гаруй хувь нь хамрагдаж байгаа ба хоёр тал ерөнхий санал дээр гарын үсэг зурсан ч нарийн шийдвэрүүд дээр зөвшилцөлд хүрээгүй байгаа аж.
"British Airways" компани түр хугацаагаар ажлаас нь чөлөөлж буй 36 мянган ажилтнаа Лондон хотын нисэх онгоцны буудал ашиглалтад ормогц эргүүлэн авах юм.