Бизнес эрхлэгч Ж.Энхжаргалан: Засгийн газраас нэлээд хэдэн шийдвэр гаргасан. Энэ нь бизнес эрхлэгчид болон ажилчдын дунд багагүй маргааныг дагуулах шинжтэй байна. Ямар ч байсан шийдье, тусалъя, дэмжих санаачилга нь зөв байна. Хүсэн хүлээж байсан санаачилга, шийдвэрүүд хөндөгдсөн. Тэрнээс журам нь гараагүй байна. Ерөнхийдөө ийм зүйлүүдийг хийхээр яригдаж байна, бодож байсан гэсэн боловч цаасан дээр буугаагүй байна. Бид бүхэн засгийн газраас авч буй арга хэмжээ нэр төдий байна гэж харж байна.
Цаасан дээр буухаар яаж зохицуулах нь харагдах байх. Хөл хорио тогтоож, онц байдал зарласнаас хойш бизнес 100 хувь зогссон. Яагаад гэвэл манай бизнесийн онцлог нь үйлчилгээний салбар. Тэр дундаа арга хэмжээ төлөвлөлт, зохион байгуулалт, тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Бид нарын хувьд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь ажилчдаа цалингүй амраах, ажлын найман цагийг дөрвөн цаг болгож бууруулах зэрэг арга хэмжээ авсан. Өөрсдийнхөө чадах бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Бодит эрсдэлүүд юу тулгарч байна вэ? гэвэл бид нар мэргэжлийн, чадварлаг, боловсон хүчин ажилчдаа алдаж байна. Бид нар дор хаяж мянган бизнес эрхлэгчдийн судалгааг авна. Тэр судалгаан дээр ирэх долоо хоногийн эхээр анализ хийгээд таван шаардлагыг гаргаж ирэхийг зорьж ажиллаж байна. Хоёр анхаарал татаж байгаа сэдэв байна. Нэг нь зээл, нөгөөх нь ажлын байраа хэрхэн, яаж хадгалж үлдэх вэ? гэдэг асуудал дээр төвлөрч ажиллаж байна. Манай байгууллага 30 ажилтантай. Тэгэхээр 30 хүнийхээ нэг жилийн цалинтай дүйцэх зээл олгохыг хүсэж байна. Энэ зээлээр бид эргээд бизнес болон ажилчдаа авч үлдье. Мөн энэ хямралын үед зээлээ зарцуулна.
Төр өөрөө эргээд энэ зээлэн дээр хяналт тавьж болно гэдэг ч юм уу ийм шийдлүүдийг бизнес эрхлэгчид түлхүү ярьж байна. Өдөр болгон бид нарын зээлийн хүү гүйж байгаа. Бид нарын бизнесийн зардлууд гүйж байгаа. Тэгэхээр төр энэ дээр ийм удаан байж болохгүй гэдэг дээр бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байгаа.