Коронавирусын тархалтаас болж манай улс хөл хорио тогтоогоод байгаа энэ үед жижиг дунд үйдлвэрлэл, бизнесүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Энэ удаа бид Lhamour брэнд, "Natural Essentials" ХХК-ийн захирал Д.Хулантай ярилцлаа.
Танай компанийн хувьд хэд хэдэн орон руу экспорт хийдэг. Экспортын тоо хэмжээнд өөрчлөлт орсон уу?
Манай экспорт тэр чигээрээ унасан. Яагаад гэвэл манай дистрибютерүүд бид нараас захиалахад манай улсын хил хаасан байсан болохоор бид бүтээгдэхүүнээ гаргах боломжгүй байсан. Боломжгүй байсаар байгаад нөгөө улсууд маань бас хилээ хаагаад эхэлсэн. Тэгэхээр үндсэндээ экспорт бас тэр чигээрээ унасан.
Компани нь одоо хэдэн ажилтантай ажиллаж байгаа вэ? Ажилтнуудаа амраасан уу? Ажиллуулж байгаа юу?
Бид нар 40 ажилтантай. Бүгд ажиллаж байгаа. Мэдээж энэ цаг үед арай өөрөөр юу хийж болохоор байна гээд шинэ бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байгаа. Яг цагаан сарын дараа вирус гарч ирлээ гэдэг мэдээллийг сонсоод би хүмүүсээ амраасан. Гэхдээ цалинтай амраасан . Зардал буурахгүй ч үйлдвэрлэл нь зогссон болохоор хүнд туссан.
Худалдан авалт хэр буурав?
Дэлгүүрүүдээ эхнээсээ хаасан. Зайсан дахь салбараа хаалаа. Борлуулалт 30 хувиар буурлаа. Орлогогүй ч түрээсээ төлсөөр байгаа учир хүнд байна.
Цаашид хямрал 10-12 сарын хугацаанд үргэлжлэх төлөв гарсан. Үүнд хэрхэн бэлдэж байна? Төр засгаас ямар шийдвэр гаргаасай гэж хүсч байна?
Иргэдийг гадуур явахгүй байхыг зөвлөж байгаа учраас хүргэлтийн үйлчилгээндээ анхаараад явж байна. Компаниудаа дэмжээд өгвөл улс даяар хямрах нь бага болно. Нэг хүний ард хичнээн хүний ар гэр бүл байгаа билээ. Түрээслэгчид бас бизнесүүдээ анхаараасай. Дэлхийн бусад орнууд хүүгүй зээл олгоод эхэлсэн. Гэтэл манайд эсрэгээрээ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зогссон байна лээ.
Экспортын орлого нь борлуулалтын хичнээн хувийг эзэлдэг байсан бэ?
Манай компанийн экспортын орлого 15 хувь байдаг. Гэтэл өнөөдөр 0 боллоо. Тайланд улс гэхэд онцгой байдал зарлачихсан байна. Монгол улс сааралт жагсаалтанд ороход хүртэл хүндрэл гарсан. Төлбөр тооцоо, шимтгэл бараг хоёр дахин өссөн. Улс өөрөө саарал жагсаалтад орсон ийм нөхцөлд улам л хүнд болоод байна.