Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийсэн. Халдварын дэгдэлтийн 269 тохиолдол байгаа бөгөөд 268 хүнээс коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Нийт ажиглалтад 2083 хүн байгаа юм.
Харин томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд.
Нийслэлийн 8 товчоодод 100 алба хаагч хяналт тандалтын ажил хийж байна. Өнөөдөр өглөөний байдлаар товчоодоор нийт 14012 тээврийн хэрэгсэл, нийт 42357 иргэн хяналт тандалтад хамрагдан орж, гарчээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдрөөс эхлэн “Хотын соёл” аяныг эхлүүлээд байна. Мөн нийслэл даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа. Иргэдийн зүгээс гэр хорооллын 00-г хэзээнээс ариутгаж эхлэх талаар асууж байна. Үүнд хариулахад, гэр хорооллын 00 гэссэний дараагаар ариутгалын ажлыг зохион байгуулах юм. Цаг хугацааны хувьд хараахан гэсээгүй байгаа учир гэр хорооллын 00-г ариутгах ажил хараахан эхлээгүй байна. Хотын даргын зүгээс ч энэ асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн” хэмээлээ.