Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн. Аяныг өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд зохион байгуулна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэл хотоос баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа агентлаг, дүүргүүдийн бүх албан хаагчид нэг уриан дор нэгдэн аяныг эхлүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан” гэсэн мэдээллийг өглөө.