"Тэр" булангийн ээлжит зочноор Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын уугуул иргэн Н.Тилеуханыг урьж ярилцлаа.
Тэрээр 2000 оны эхээр Улаанбаатар хотод ирж, их сургуульдаа сурч, одоо энд аж төрөн амьдарч байна.
"Би өөрөө багаасаа бизнес хийж, мэдээж худалдааны чиглэлээр ажиллаж байсан. Улаанбаатар хотод анх ирэхэд очих айл, хамаатан садан байхгүй. Зочид буудал гэх мэт бүгдийг нь мэдэхгүй байлаа. Анх Улаанбаатарт ирсэн хоёр өдрөө гэр хороололд гадаа хонож байлаа. Дараа жилээс нь нутгийн оюутнууддаа гэр орныг нь бэлдэх, үндэснийхээ рестораныг ажиллуулах, зочид буудал ажиллуулах гээд олон ажлыг ирж сурч, ажлын гараагаа эхэлж байсан.
Гурван хүүхэдтэй, эхнэр тавуулаа амьдарч байна. Гэр бүлийнхээ хүнтэй анх нэгдүгээр курсэд байхад манай найз талбай дээр танилцуулж байсан. Дараа нь бид хоёр гурван жилийн дараа уулзаж, учирч байв. Манай ёсонд шууд нэг гэрт орно гэж байхгүй.
Наурыз гэдэг Перс үгнээс орчуулбал ӨДӨР, ШӨНӨ гэсэн утгатай. Хуучин тооллоороо жил тойрлоо гэж тэр өдрийг баяр болгон тэмдэглэдэг.
Хаврын бүх амьтан, бүх ургамал сэргэдэг, хаврын эхлэлийн эхний өдөр гэж уламжилдаг.
Наурызын баярын өмнө өдрүүдэд гэр орноо цэвэрлэж, булаг шандныхаа эхийг цэвэрлэж, өмнөх жилд болсон муу муухай зүйл бүгдийг нь мартаж, настангуудаараа орж золгож, уулзалт хийж, үндэсний тоглоом наадгайг тоглодог.
Улсын онцгой комиссоос цагаан сар бусад тэмдэглэлт баяруудыг хориглосон. Түүнтэй холбоотой Наурызын баярыг өргөн тэмдэглэхгүй.
Одоогоор ёс жаяг, зан заншлаа Дэлхийд байгаа Казахуудаас илүү Монгол дахь Казахууд маш сайн хадгалж үлдсэн. Энэ бол манай Монгол төрийн зөв удирдлага, зөв чиглүүлэлтийн илрэл гэж боддог."