Тусгай үүргийн онгоцоор ирж, коронавирусын халдвартай болох нь батлагдсан иргэний нэгдүгээр зэргийн хавьтал болох 75 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний 01.00 цагт газардсан Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд ирсэн хүмүүсээс 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авч, хариу нь сөрөг гарчээ. Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээнээс вирус илрээгүй. Энэ сарын 19-нд Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түүнийг тусгаарласан байна. Сэжигтэй тохиолдолтой нэг автобусанд суусан 24 хүнийг шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлалтад байлгах аж. Тусгаарлагдсан иргэний сорьц ХӨСҮТ рүү ирж яваа юм.
Мөн коронавирусын халдвартай нь тогтоогдсон зургаан иргэний нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр, таван иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж.
Ташрамд дурдахад, коронавирусын шинжилгээг хийхэд нэг хүнд дунджаар 169 мянган төгрөг зарцуулдаг. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 700 гаруй сая төгрөгөөр шинжилгээ хийсэн байна.