Өнөөдөр Засгийн газрын хурлаар гарсан шийдвэрийн талаар БСШУС-сайд Ё.Баатарбилэгт мэдээлэл хийлээ. Тэрээр "БСШУСЯ-ны харьяа АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулах, цаашид үйл ажиллагаа явуулах санхүүжилт, техник технологийн асуудлыг цогцоор нь шийдсэн. Өнгөрсөн өдрүүдэд цацагдсан "эмнэлгийг хувьчилна гэсэн янз бүрийн ташаа мэдээллүүд их гарлаа" ийм асуудал байхгүй. Өнөөдөр манай яаманд албан ёсоор шилжин ирж байгаа. Ойрын хугацаанд ажлын хэсэг гаргаж, тухайн эмнэлэг дээр ажиллах болно. Эмнэлэгт үүссэн тоног төхөөрөмжийн дутагдлыг Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамнаас шийднэ. Цаашид үйл ажиллагаа нь жигд, хэвийн явагдах болно. Энэ улиралд багтаан 14 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч, эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллана" гэлээ.
Хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгах, оруулах эсэхийг ЭМЯ-тай хамтарч зөвлөлдөж, нөхцөл байдлын талаар тодорхой чиглэл авсны дараа баасан гарагт УОК-т саналаа хүргүүлнэ. Зарим сургууль, эцэг эхээс коронавирус бүртгэгдсэн байхад оруулах нь эрсдэлтэй гэсэн санал ирж байгаа. Тиймээс нөхцөл байдлыг харгалзан үзэж байж саналаа хүргүүлнэ. Мөн улсын хэмжээнд буй 28000 гаруй төгсөгчдөд ЭЕШ-д бэлдэх зөвлөмж, хэрхэн их, дээд сургуульд элсэх талаарх мэдээлэлтэй CD тараана. БСШУС яамнаас энэ жилийн төгсөгчдийг хохироохгүйн тулд олон арга хэмжээ авч ажиллаж байна хэмээн мэдэгдлээ.