АНУ-ын Сиэтл хотод коронавирусын эсрэг вакциныг туршиж эхэлсэн байна. Энэхүү вакциныг гаргаж авахын тулд гурван удаагийн шат дараалалтай судалгааны ажил явагдах аж. Манай улсын цагаар өнөөдөр анхны дөрвөн хүн туршилтын тунг хийлгэсэн юм. Маргааш дахин дөрвөн хүнд хийж, хэсэг хугацаанд ажиглан, хүний биед гарах сөрөг нөлөө, эрсдэлийг судлах аж. Нэгдүгээр шатны судалгаанд 18-50 насны 45 иргэн хамрагдах бөгөөд эдгээр хүмүүст хоёр удаа тарилга тарихдаа 28 хоногийн зайтай хийх юм. Мөн судалгаанд хамрагдаж буй 45 хүн эрүүл буюу вирусийн халдваргүй. Учир нь вакцин тарихад хүний биед дархлаа үүсч, үүссэн дархлаа шинэ вирусийг устгах замаар ажилладаг байна.
2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс өмнө дэлхий нийт Covid-19 халдварыг мэддэггүй байсан. Харин гурван сарын дараа халдварын генетекийн дарааллыг тодорхойлж, вакцин гаргаж авах судалгаа эхэлсэн нь хүн төрөлхтний түүхэн дэх тахлын эсрэг хамгийн хурдан хугацаанд вакцин гаргаж авч буй үйл явдал аж.
2-3 долоо хоногийн дараа анхны тунг тариулсан иргэдэд хэрхэн нөлөөлж буй, ямар нэг сөрөг нөлөө байхгүйг баталж чадвал хоёрдугаар шатны судалгааны ажил эхлэх юм.
Эх сурвалж: Onom san