Коронавирусын тахлын тархац нь нөгөө талаас нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ; хуурамч мэдээ, параноид хуйвалдааны онолууд, арьс өнгөний ялгаварлал.
Анагаах ухааны онолын хувьд зөвтгөх шалтгаантай хөл хорих шаардлага нь бидний ижилсэлд дайсагнагч өрөөлийг тусгаарлах, хил хязгаарыг тогтоох идеологийн шахалтанд цуурайтжээ.
Гэхдээ арай өөр- илүү анагаах чадалтай-идеологийн вирус тархан бидэнд халдана гэж найднам: өөр нэгэн нийгмийг төсөөлүүлэхэд хүргэх вирус; энэ бол үндэстэн-улсаас гадуур нийгэм, дэлхий нийтийн эв нэгдэл болон хамтын хүчийг бодитоор хэрэгжүүлэх нийгмийн вирус.
Чернобылийн осол ЗХУ-ын коммунизмыг төгсгөлд хүргэсэнтэй (Горбачев өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн болно) адил коронавирус Хятадын коммунист засаглалыг уналтад хүргэж магадгүй хэмээх таамаглал өнөөдөр сонсогдож байна. Гэхдээ үүнд нэгэн парадокс оршинр: коронавирус биднийг хүн хүндээ болон шинжлэх ухаанд итгэх итгэлцэл дээр тулгуурласан шинэ коммунизмыг бий болгох тухай бодохыг шаардаж байна.
Квентин Тарантино-ийн “Биллийг хөнөө 2” киноны эцсийн сцен дээр Беатрис хорон санаат Билийг “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” хэмээх тулааны урлагийн хамгийг аюултай гэх үхлийн цохилтоор зогсооно. Энэхүү цохилтод өртсөн хүний зүрх таван алхам хийсний дараа хагарч тэд хөсөр унадаг жамтай.
Энэхүү цохилт нь тулааны урлагийн домог төдий зүйл бөгөөд жинхэнэ гардан тулаанд хийх боломжгүй. Гэхдээ, киноруугаа буцъя, Беатрис чингэсний дараагаар Билл түүнтэй тайван байдлаар найрамдаж, тав алхаад амь хураана…
Энэхүү цохилтыг маш сонирхол татам болгож буй зүйл нь цохилтыг хүртээд үхэх хүртэлх цаг хугацаа юм: Би тайван л сууж байвал аятайхан хууч ч хөөрч болно, гэхдээ би алхаж л эхлэх юм бол зүрх минь хагарч шууд үхэх болно гэдгээ энэхэн мөчид зэрэг мэдрэх мэдрэмж.
Коронавирусын тахал Хятад дахь коммунист засаглалын уналтад хүргэнэ гэх таамаглалтай төстэй бус гэж үү? Нэг тийм нийгмийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник”-ийг улсын коммунист дэглэмд үзүүлсэн юм шиг эрх баригч нар хөл хориог ажиглангуй суухаас өөр аргагүй бөгөөд нийгэмд ямар нэг томоохон өөрчлөлт хийвэл (жишээ нь хүмүүст итгэх) уналтад хүргэх мэт байдал.
Гэхдээ миний өчүүхэн бодол илүү радикал болно: коронавирусын “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” нь дэлхийн капиталист системд өгч буй цохилт юм- бид өнөөдрийг хүртэл амьдарсан шигээ цааш үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болж буйн дохио бөгөөд радикал өөрчлөлт шаардлагатай болсныг дохиж байна.
Харамсалтай факт, бидэнд гамшиг хэрэгтэй
Нэлээд хэдэн жилийн өмнө Фредрик Жэймесон кинонд хэмжээлшгүй том гамшгийн (эх дэлхий солирт өртөж бүх амьд зүйл устан үгүй болох, эсвэл бүх хүн төрөлхтнийг үгүй хийх вирус гэх мэт) тухай утоп бололцоо байдагт бидний анхаарлыг хандуулсан билээ. Иймэрхүү дэлхий нийтэд нүүрлэж буй аюул дэлхий нийтэд шинэ эв нэгдлийг төрүүлэх бөгөөд бид бүгдийн явцуу ялгаатай зүйлс үгүй болж хамтын шийдэлд хүрэх гарцыг хайна- гэтэл бид өнөөдөр, бодит амьдралдаа байдаг. Гэхдээ асуудал нийтэд тархан буй тарчлан зовлогоог садист байдлаар өөрсдийн зорилгодоо ашиглан таашаахад бус- харин эсрэгээр, амьдарч буй нийгмийнхээ хамгийн суурь төрхийг шинээр төсөөлөхийн тулд иймэрхүү гамшигт тулан байж ухаарч буй явдал нь харамсалтай факт юм.
Дэлхий нийтээрээ хамтран зохицуулах зохицуулалтын нэгэн бүдэг загвар цухуйж байгаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага бөгөөд тэд байдаг л нэг хүнд сурталжсан зүйл урсгалгүй мөн ямар нэг айдас дэгдээлгүйгээр яг таг тодорхойлсон анхааруулгуудыг гаргаж байна. Энэ мэтийн байгууллагуудад илүү гүйцэтгэх эрхийг олгох хэрэгтэй.
Ираны Эрүүл Мэндийн Яамны Сайд Ираж Харирчи хэвлэлийн хурлаар коронавирусын тархалтын хэмжээг бага мэтээр харуулахын тулд олон нийтийн хөл хориог хийх шаардлагагүй хэмээн тунхагласны маргааш нь коронавирусын халдвар авснаа хүлээн зөвшөөрч өөрийгөө тусгаарласан тухай мэдэгдсэн юм (ТВ-ээр гарахдаа тэрээр аль хэдийн халуурал болон сульдсан байдалтай байсан). Харирчи нэмж хэлэхдээ: “Энэ бол ардчилсан вирус бөгөөд ядуу баян, төрийн түшээ ч бай энгийн иргэн, аль алийг нь ч ялгаварлахгүй” хэмээжээ.
Энд тэрээр нэг зүйлийг зөв хэлсэн-бид бүгд нэг завинд байна. Үүнд хамгийн егөөдмөөр зүйл юу вэ гэвэл биднийг нэг нэгэнтэйгээ харьцахаас зайлсхий, үүнд бүүр өөрийгөө тусгаарла гэсэн өдөр тутмын тушаалууд нь биднийг эсрэгээр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж хамтрахад хүргэсэн гэдэгт байгаа юм.
Гэхдээ бидний өмнө зөвхөн вирусийн аюул заналхийлээд зогсохгүй-бусад төрлийн гамшгууд нүүрлээд байна: ган гачиг, хэт халах цаг агаар, аварга шуургууд, г. м. Эдгээр бүх тохиолдлуудад эмх замбараагүй байдалд автахгүй байх болон хүнд боловч түргэн байдлаар дэлхий нийтээрээ ямар нэг хамтын зохицуулалтад орох явдлаар хариу өгөх хэрэгтэй.
Бид цахим ертөнцөд л аюулгүй байх уу?
Нэн түрүүнд АНУ-ын еранхийлөгч Дональд Трампын сүүлд Энэтхэгт айлчилж байхдаа энэхүү тахал удахгүй татарна, үүнд бид оргил үеийг нь л хүлээгээд өнгөрвөл амьдрал эргээд энгийн хэвэндээ орно хэмээн тодорхойлсон төөрөгдлийг үгүй хийх хэрэгтэй.
Эдгээр хөнгөн найдваруудын эсрэг энэхүү аюул үгүй болох болоогүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэхүү эхний давлагаа алга болсон ч дахин шинэ, магадгүй илүү аюултай хэлбэрээр ирэх магадлалтай.
Энэхүү шалтгааны улмаас вирусын тахлууд бидний бусадтай харьцах хамгийн суурь харилцааны хэлбэрүүд болон бидний тойрон хүрээлэн буй эд зүйлсэд нөлөөлөх болно- нүдэнд ил харагдахгүй ч бохир эд зүйлд хүрэхээс болгоомжил, дэгээнд бүү хүр, нойлын суултуур дээр эсвэл нийтийн сандал дээр бүү суу, хүмүүстэй тэврэлдэх эсвэл гар барихаас зугтасхий гэх мэт. Бид өөрийн үл мэдэн үйлддэг үйлдэлдээ хүртэл хяналт тавих шаардлага: хамартаа гараа бүү хүргэ, эсвэл нүдээ бүү нух.
Тэгэхээр үүнд зөвхөн төр ба бусад бүтцүүд бидэнд хяналт тавих бус бид өөрөө өөрсдөдөө хяналт тавьж өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэг гарна. Магадгүй цахим ертөнц л аюулгүй болж, эрх дураараа байх орон зай нь зөвхөн хэт баян хүмүүсийн амьдрах цөөн арлуудад л үлдэх байх.
Гэтэл цахим ертөнц болон интернетийн төвшинд хүртэл “вирус” ба “вирусийн” гэх нэр томьёо сүүлийн хэдэн арван жил бидний сүлжээний орон зайг, ямар хөнөөлтэй байсныг нь бид мэдэлгүй өвчлүүлж байсан (жишээ нь бидний дата эсвэл компьютерын хатуу диск эврэхэд) цахим вирусуудыг нэрлэхэд хэрэглэж ирснийг бид санах хэрэгтэй. Харин бид өнөөдөр энэхүү нэр томьёоны анхдагч шууд утга нь эргэн ирж буйг харж байна: вирусийн өвчлөл бодит ч тэр цахим ч тэр аль аль орон зайд хам утгаар оршиж байна.
Капиталист анимизмын эргэлт
Өөр нэгэн ажиглагдаж буй жигтэй зүйл бол зах зээл хэмээх нийгмийн үзэгдэл эсвэл санхүүгийн хөрөнгийг амьдчилан үзэх капиталист анимизмын эргэлт. Хэрэв бид томоохон хэвлэл мэдээллийн мэдээг уншвал бид олон мянгаараа амиа алдсан хүмүүсийн тухай бус (нэмээд олон мянгаараа амь алдах магадлалтай) харин“зах зээл түгшиж эхэлж байна” гэдэгт санаа зовох ёстой мэт сэтгэгдэл төрж байна. Коронавирус дэлхийн зах зээлийн өөгүй гадаргууг илэрхий үймүүлэн сүүлд мэдээлснээр өсөлт хоёроос гурван хувиар буурах хандлага байна гэжээ.
Эдгээр бүх шинж тэмдэг нь дэлхийн эдийн засгийг зах зээлийн механизмын хараат байдлаас гарган өөрөөр зохион байгуулах хэрэгцээ буйг илэрхийлэхгүй байна гэж үү? Үүнд бид мэдээж хуучин маягийн коммунизмыг хэлээгүй болно. Эдийн засгийг хянан зохицуулах мөн шаардлагатай үед үндэстэн-улсын бүрэн эрхт байдлыг хязгаарлаж чадах ямар нэгэн дэлхийн байгууллага хэрэгтэй байна. Өнгөрсөнд дайны улмаас улс орнууд нэгдэж чадсан бол өнөөдөр бид үтэр түргэн эрүүл мэндийн дайн уруу ойртож байгааг бодитоор харах хэрэгтэй.
Нөгөө талаас энэхүү тахлаас үүдэн гарч буй зарим нэг эерэг зүйлүүдийг дурдмаар байна. Нэгэн жишээ гэвэл тансаг зэрэглэлийн усан аяллын онгоцон дахь зорчигчид хөл хорионд орсон явдал-ичгүүр сонжуургүй зүйл гэж би хэлмээр санагдаж байна (хэдэн жилийн өмнө онгоцоор аялах нь цөөнхийн боломж байсан шиг хаа нэгтээх ганц арал уруу эсвэл өөр нэгэн тансаг амралт уруу явах нь цөөнхөд олдох боломж бүү байгаасай гэдэг утгаараа). Автомашин үйлдвэрлэлд коронавирус мөн нухацтай нөлөөлж буй нь сайн хэрэг бөгөөд бидний хувийн унаанд амтшин донтолтоос өөр зүйлийг эрэлхийлэх хүслийг төрүүлж магад. Жагсаалт үргэлжилсээр.
Унгарын Ерөнхий Сайд Виктор Орбан саяхан ийнхүү хэлэхдээ: “Либерал үзэлтэн гэж байхгүй. Либерал хүн гэдэг бол дипломтой коммунист.”
Үүний яг эсрэг нь үнэн бол яах вэ? Бидний эрх чөлөөний төлөө санаа зовдог бүгдийг бид “либералууд” хэмээгээд харин дэлхийн капитализмын хямрал ойртон буй энэ үед эдгээр эрх чөлөөг зөвхөн радикал өөрчлөлтөөр аварч болохыг мэдэж буй “коммунистууд” хэмээвэл ямар вэ? Тэгвэл өнөөдөр өөрсдийгөө коммунистууд хэмээн үзэж буй нь дипломтой либералууд-бидний либерал үнэт зүйлс яагаад ийнхүү аюулд өртөх болов гэдгийг ухан зөвхөн радикал өөрчлөлт тэднийг аврах юм байна гэдгийг
Энэхүү нийтлэлийг RT Question More вэбсайтаас орчуулсан болно.
Орчуулсан Ш. Туяа