Н.Шагай нь Амазон компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад урилгаар “Offer Up” компанийн зөвлөх инженер болсон. Монгол залуус заавал харийг зорих бус эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд олон улсын стандарт бүхий өндөр орлоготой амьдрах нөхцлийг бий болгох зорилготой Нэст Академиа 2017 онд байгуулжээ.
“Би 2011 онд Америкт ирээд мастераа хийж байхдаа Америкийн сүүлийн үедийн технологиудыг сураад түүнийгээ ашиглаж Монголдоо шинэ юм хийх гэж ганцаараа их оролддог байсан. Олон төсөл санаачилж хийсэн ч амжилттай болоогүй. Том зорилготой бизнесийг ганц явуулахгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
Тэгээд олон залуусыг инженер болгож багаа бүрдүүлье гэж шийдээд Нэст Академиа байгуулсан. Бид дэлхийн зах зээл дээр гарах боловсон хүчин бэлдээд дэлхийн зах зээл дээр бизнес хийх зорилготой. Ингэхийн тулд хүнээ л бэлтгэх хэрэгтэй.
Монголд боломж байхгүй биш, хийхгүй л байгаа. Хийхгүй байгаа болохоор л боломж гарахгүй байгаа. Тэрийг бид энд ирж байж л харж чадсан. Монголд байгаа хүмүүс өдөр тутмын ажил амьдрал нь хэтэрхий завгүй болохоор урт хугацаандаа юу болох вэ гэдгийг харж чадахгүй байна. Өмнө нь би Монголд байхад өглөө 8 цагаас гараад л орой 8 гэж байхад арай чүү гэж орж ирээд л аймар ядарчихсан л нөхөр байдаг байсан. Байнгын тийм завгүй амьдралаар амьдрахаар таван жилийн дараа юу болох юм, 10 жилийн дараа Монгол улс хаана очих юм гэдгийг бодох сөхөөгүй байдаг.
Манай сургалтын гол аргачлал бол практик дээр суурилсан, coaching буюу дасгалжуулах маягаар заадаг. Бид хүүхдүүдэд хэзээ ч бэлэн юм өгөхгүй дасгалжуулах маягаар тэр хүүхдийн оюуны чадамж, мэргэжлийн чадамжуудыг хөгжүүлнэ. Хөгжүүлэх, заах гэдэг ялгаатай ойлголт.