Бизнес өрөг нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн цувралын ээлжит дугаарын зочноор АНУ-ын Сиатли хотод үйл ажиллагаа явуулдаг “Seattle ESL School” –ийн үүсгэн байгуулагч Б.Гэрэлчимэгийг онцолж ярилцлаа.
Ээж болоод гэртээ хүүхдээ харж байх хугацаандаа онлайнаар англи хэлний хичээл зааж эхлүүлсэн сургалтын төв нь одоо 50 орчим багштай, англи хэл, амьдралын дасгалжуулалтын сургалт явуулдаг томоохон төв болон өргөжжээ.
Тэрээр фэйсбүүк дэх “Ladies” группээрээ дамжуулан Монголын олон эмэгтэйчүүдэд амьдралын дасгалжуулалт, англи хэлний сургалт явуулдаг.
Мөн англи хэл сурах арга барил, амьдралын дасгалжуулалтын “Dear Dairy”, “Мөрөөдөх эрх” номнуудаа эрхлэн гаргасан.
Зочин хөтлөгч:
- Э.Хулан
Монголд үүсгэн байгуулагдаж Америкийн зах зээл дээр худалдаалагдаж эхлэж байгаа АМУ брэндийн үүсгэн байгуулагч
- Н.Шагай
Америкийн оффер ап компанийн зөвлөх инженер, Монголд үйл ажиллагаа явуулдаг “Нэст” академийн үүсгэн байгуулагч
Би ядуу буурай орноос ирсэн болохоор энэ хүмүүсээс дутуу байх гэсэн бодлоосоо болж олон боломжуудыг алдсандаа харамсдаг
Анх АНУ-д сурахаар ирж байсан юм байна. Төгсөөд яагаад Монгол руугаа буцаагүй вэ?
-Долоон жилийн өмнө “Global Student Programm” гээд олон улсын оюутны хөтөлбөрөөр анх Америкт ирж байлаа. Монголоос ирсэн хоёр оюутны нэг нь байсан юм. Дэлхийн 40 гаруй орноос шилэгдсэн оюутнууд бие биендээ туршлага солилцох зорилготой хоёр сарын турш хамт байрлаад ажиллаж, нөхөрлөж, сургалтанд хамрагдсан. Тэр үед миний англи хэл их муу, хүнтэй ойлголцож чаддаггүй, Америк хүмүүс надаас илүү гэж итгэчихсэн байлаа. Би хөгжиж буй буурай орноос ирсэн мөнгөгүй, англи хэлгүй гээд итгэл муутай, өөрийгөө их голдог үедээ л Америкт хамгийн анх ирсэн. Одоо тэр үеээ эргээд харахаар тэр ойлголтоосоо болоод маш олон боломжуудыг алдаж байсандаа харамсдаг.
Бид ядуу буурай орноос ирсэн гээд өөртөө итгэлгүй байдлаасаа болж олон хүмүүс боломжоо алддаг тухай манай нэвтрүүлэгт орсон хүмүүс өмнө нь бас ярьж байлаа. Чиний хувьд жишээ нь ямар боломжуудыг алдсан бэ?
Намайг 2010 онд очиход багийн ахлагчаар ажиллаач гэсэн саналыг тавьж байсан. Тэгэхэд нь би “Цагаан арьстай хүмүүс миний үгэнд орохгүй байхаа” гэж хэлээд татгалзаж байсан. “Compation internation” гээд компанид очоод Монголынхоо тухай илтгэл тавих санал бас ирж байлаа. “Compation internation” гэдэг бол ядуу буурай оронд байгаа хүүхдүүдэд Америк, Англиас сар болгон тусламж үзүүлдэг байгуулага байсан юм. Бас л цагаан хүмүүс намайг сонсохгүй байхаа гэж би хэслэн. Гэхдээ 2014 онд Compation internation- дээ уригдаад багийн ахлагчаар очсон. Тэгээд миний энэ бодол өөрчлөгдсөн, би чадна, цагаан арьстай ч бай, Америк хүмүүс ч бай бид бүгд л адилхан хүмүүс, бүгд адилхан жаргал, зовлонтой. Америк хүмүүс ч гэсэн өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Тийм учраас яг өөрийнхөө байгаагаар туслахад болох юм байна гэж бодоод ажилласан.
Өөрийн бизнесээ эхлэх хүртлээ ямар ямар ажил хийж байв?
Анх 2010 онд ирээд хоёр сар болчихоод Монгол руу нэг сарын хугацаатай яваад буцаж ирсэн. Дундуур нь 2012-2014 онд Малайздад магистраа хамгаалсан. Мөн ресторанд тогооч хийж байсан. Өглөөний 4:30-д очиж буудлын хүмүүсийн өглөөний цай бэлддэг байсан. Өдөрт 3-4 ажил хийдэг байсан. Тухайн үед би “Vergenia tech” гээд Вержиниагийн технологийн их сургуульд англи хэлний багшаар магистараа хамгаалж байсан юм. 30 хувийн тэтгэлэгтэй сурч байсан ч өндөр төлбөртэй учраас ажил хийхгүй л бол төлбөрөө төлж дийлдэггүй байсан. Бараг төгсөхийн даваан дээр сургуулиа орхисон. Одоо буцаад дуусгая гэж бодоод сургуультайгаа холбогдоод байж байна.
Бизнес хийж байгаа хүн өөрөө брэнд нь байх ёстой. Хүмүүс таны хэн гэдгийг чинь мэдэх юм бол таны зарж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү итгэлтэй болно.
АНУ-д сурч байсан хэрнээ яагаад Малайз руу мастерд сурахаар явсан юм бэ?
Миний зорьсон сургуулиуд Америкт их өндөр төлбөртэй байсан. Дипломны төлөө жижиг хувийн сургуульд цаг, мөнгөө үрсэний оронд сайн сургуульд суръя гэж бодоод. Тэр үед Ази яг хөгжиж байсан. Азийн улс орнууд яаж хөгжиж, бизнесүүд нь яаж дараагийн шатандаа гарч байгааг сурангаа, харъя гэж Малайзад сурахаар шийдсэн. Төгсөөд Монголдоо ажиллахаар очсон ч надад яагаад ч юм ажил олдоогүй. Тэгээд эргэж Америкт ирж, ээж болоод хүүхдээ харах хоорондоо бизнесээ эхлүүлж байсан. Гэрээсээ онлайнаар компьютерээ асаагаад л эхэлсэндээ. Бизнес эхлүүлэх шаардлага нь бас л мөнгөтэй холбоотой. Мөн сурч байсан болохоор сургалтын төлбөрөө төлөхийн тулд гэрээсээ юу хийж болох талаар бодоод л сургалтаа эхлүүлсэн.
Тухайн үед Монголчууд онлайнаар сургалтанд суух дадал муу байсан үе. Анхны хэрэглэгчээ яаж олж байсан бэ?
Фэйсбүүк коммунити үүсгэж эхэлсэн.
Одоогийн “Ladies” группээ нээсэн гэсэн үг үү?
–Хичээл зааж эхлэх үедээ “Ladies” группээ нээчихсэн байсан. Тэр группийг ямар зорилготойгоор нээсэн бэ? гэхээр төрсний дараах сэтгэл гутрал маш том асуудал Монгол Америк гээд аль орны ээжүүдэд тохиолддог. Тэр талаар Монгол эмэгтэйчүүд маань сайн ойлголтгүй дотроо их шаналж явдаг. Би л болохгүй байгаа юм байна, ингэж байгаад л зүгээр болчихно доо гээд. Би өөрөө ч төрсний дараа түүнийг өөр дээрээ мэдэрсэн. Түүнийгээ эмч нартай зөвлөлдөөд тусламж авсныхаа дараа Монгол эмэгтэйчүүддээ найзуудынхаа хүрээнд бага зэрэг зөвлөгөө өгч эхэлсэн юм. Тэгсэн групп маань маань маш идэвхитэй болсон.
Тэгээд цаашлаад энэ эмэгтэйчүүддээ яаж тусалж болох вэ гэж бодож байгаад хамгийн сайн чадах зүйл минь англи хэл учраас сургалтаа эхлүүлсэн. Анх ийм байдлаар л эхэлж байлаа.
Монголд маш олон төрлийн англи хэлний сургалтын төвүүд байсан. Ийм олон сургалтын төвүүд байгаа юм чинь дээ надад хэрэглэгч олдох болов уу гэж бодож байгаагүй юу? Сургалтын төвөө эхэлж байхдаа өөрийнхөө юунд итгэж байсан бэ?
Өөрийнхөө англи хэл сурсан арга барилдаа бүрэн итгэсэн. Би англи хэлийг өөрөө сурсан. Сургуульд сураад сайн сурч чадаагүй. Хоцрогдож явсаар англи хэлний мэдлэггүй арван жилийн сургуулиа төгсөж байсан юм. Түүнээс хойш өөрөө өдөр болгон ном уншдаг байлаа. Шоолуулсан ч өөрийнхөөрөө яриад л байдаг байсан. Гурван жилийн дараа гэхэд бусад хүмүүст заах боломжтой болсон. Англи хэлний мэдлэгийн хувьд төгс сайн гэж хэлж болохгүй ч өөрийнхөө байгаа хэмжээнд хэн нэгнийг авч ирэх боломжтой байсан. Ийм л учраас бусад хүмүүсд зааж болох юм байна гэж итгээд л эхэлсэн дээ.
Сургалтын бизнес нь амжилттай явж байгаа нь бизнесээ сошиалтай уялдуулсантай холбоотой юм байна. Анх фэйсбүүк групп нээж түүнийгээ хөгжүүлж бизнестэйгээ холбох ёстой байна гэдэг ойлголтыг юунаас авч байв?
Групп эхэлсэн нь ямар нэгэн бизнесийн зорилго огт байгаагүй. Гэхдээ ямар бизнес хийж байгаа хүн, ялангуяа жижиг бизнес дээр тухайн өөрөө брэнд нь байх ёстой. Хүмүүс таны хэн гэдгийг чинь мэдэх юм бол таны зарж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү итгэлтэй болно. Мөн авахыг хүснэ гэсэн үг. Тэгэхээр тэр групп бусдад туслахаар эхэлсэн ч группээрээ дамжуулан би хэн бэ гэдэг ойлголтыг өгч, эмэгтэйчүүдийн ойрын зөвлөх коммунити үүсгэж чадсан. Зуугий гэдэг хүн хэн юм бэ? гэдгийг мэдэх тусам хүмүүс англи хэл энэ хүнээс сурвал илүү дээр юм байна. Ингэж болох юм байна гэдэг ойлголт авсан.
Тэгэхээр коммунитиээ үүсгээд, тэд нарыгаа халамжилж, авахыг хүсэж байгаа зүйлийг нь өгч чадаж байвал нөгөө талаасаа зах зээлээ л бэлдээд байна гэсэн үг. Халамжилж чадах юм бол буцаад нөгөө хүмүүс таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаагаар халамжилж байгаа хэрэг. Тэгэхээр заавал Монголын том зах зээл бүхэлд нь гэж харахынхаа оронд жижиг коммунитгээ үүсгээд тэр зах зээлээ маш сайн эргэлдүүлээд аваад явж чадах юм бол тэр чинь хангалттай байх болно.
Одоо сургалтын төв нь өргөжөөд, 50 гаруй багштай, өөрсдийн оффис, танхимтай болжээ.
Энэ хүртэлх хөрөнгө оруулалтыг гэрээсээ сургалт явуулж байхдаа бий болгосон уу?
Тэгсэн. Хуримтлал үүсгэж байж энэ бүхнийг бий болгосон. Энд оффис түрээслэе гэхэд шууд тэг тэг гээд түрээслүүлдэггүй. Миний санхүүгийн кредит оноог харна, санхүүгийн баталгаа харж байж түрээслүүлдэг. 2018 онд сургуулиа төгсснөөс хойш хуримтлал үүсгэж сар бүр тогтмол мөнгө хадгалж ирсэн. Хаана хүрэхээ харчихсан, хэдэн төгрөг хэрэгтэйгээ мэдчихсэн болохоор яг тэгээс нь эхлээд л цуглуулсан даа. Манай нөхөр майонез, цуу идэх дуртай ч, бид хоёр хүнсээ цуглуулж байхдаа цуу авъя гэхээр нь шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй шүү гээд л .
Одоо сард хэдэн суралцагчдад хичээл орж байгаа вэ?
Бид сардаа 500 гаруй суралцагчдад 50 гаруй багштай хичээл орж байна.
Бизнесийн хувьд хурдан томорчихсон болохоор багш нараа тогтвортой байлгах, сургалтаа үр дүнтэй байлгах гээд олон ажлыг зохицуулах хэрэгтэй болж байгаа байх?
Суралцагч олохоос илүү сайн багш олж тогтоох хэцүү байдаг. Тийм болохоор манайх багш нараа өөрсдөө сургадаг. Хоёр жил бэлдсэн багшаа өөр компаниудад алдах их харамсалтай. Надтай ажиллаж байгаа багш нараа чаддаг зүйлүүдээрээ сургаж дэмжихийг боддог.
Америкдаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн сургуультай болно
Сургалтын төлбөр нь хэд вэ?
Энгийн сургалт нэг сарын 50мянган төгрөг байдаг. Хоёр жилийн өмнө анх сургалтаа нээхдээ л ийм үнэтэй байсан. Суралцагчийн эрэлт их байлаа ч энэ төлбөрөө огт нэмээгүй. Дундаж давхрагын ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулж сургалтаа орно гэсэн анхны зорилго, жанжин шугамаа бариад л явж байгаа.
Бусад сургалтын хувьд бол 100-200 долларын үнэтэй.
Багш нарынх нь зарим Монголд, зарим нь Солонгост, Канадаас заадаг гэж байна. Нэг дор байж чадахгүй байгаа багш нараасаа нэг үр дүн яаж гаргах вэ?
Онлайнаар заадаг болохоор хичээл орж байхад бүх сургалтаа хянаад явчих боломжтой байдаг. Сургалтын төгсгөлд суралцагчдаасаа байнга судалгаа авч үр дүнгээ хянадаг.
Сургалтын үр дүнгээ яаж хэмждэг вэ?
Англи хэлний гурван сарын сургалт дууссаны дараа эссэ бичүүлж авдаг. Сургалтыг өмнө бас зохион бичлэг авдаг. Тест бөглүүлэхээр таамаглаж бөглөдөг болохоор юм бичүүлж авдаг. Сургалтын төгсгөлд заавал өөрийгөө илэрхийлсэн эссэтэй төгсөнө гэсэн шаардлага тавьдаг.
Англи хэлний сургалтынхаа үр дүнг илүү сайн хүргэхийн тулд амьдралын дасгалжуулалтын сургалтаа эхлүүлсэн юм шиг санагдсан. Тийм үү?
Тэгж хэлж болно. Манай сургалтанд суудаг, группт байдаг эмэгтэйчүүд маань надаас ажил амьдралын цагаа яаж зохицуулах вэ, яаж илүү их эрч хүчтэй болох вэ, яавал шантрахгүй байх вэ зэрэг асуултуудыг их асууж дотночилж ярилцахыг их хүсдэг. Эхлээд би өөрийнхөө туршлагын хүрээнд ярилцаж зөвлөлддөг байсан бол сүүлдээ яалт ч үгүй мэргэжлийн сургалтанд нь сууж тэдэнд зааж өгөх ёстой юм байна гээд амьдралын дасгалжуулалтын сургалтанд хамрагдаж багшлах эрхтэйгээр төгссөн.
Англи хэл сурч байхдаа олон хүн шантардаг. Тэднийг зорилгоос нь буцаахгүйн тулд хичээл орохын хажуугаар урам зориг байнгын өгөх хэрэгтэй болдог.
Амьдралын дасгалжуулалтын сургалт /Life coaching/ гэж яг ямар сургалтыг хэлдэг юм бэ? Юу заадаг вэ?
Амьдралын дасгалжуулалт сургалтаар та яг одоо хаана байна вэ? гэдгийг маш сайн тодорхойлж өгдөг. Сэтгэлзүйчид өнгөрсөнтэй маш их ажилладаг. Өнгөрсөнд надад яагаад ийм зүйл тохиолдов, тэр нь яагаад намайг өдий хүртэл зовоож байна вэ гээд. Тэрэн дээр нь ажилладаг. Харин одоо хаана байгаагаа хүмүүс мэддэггүй учраас түүнийг нь тодорхойлоход амьдралын дасгалжуулагч нар тусалдаг. Таны хувьд ийм арга барил тохирно гэж хүн тус бүр дээр тодорхойлдог. Тамирчинг дасгалжуулагч байнга хажууд нь дасгалжуулдаг шиг дагаад хийгээрэй гээд хажууд нь түлхээд явж байна гэсэн үг.
Бизнесийнх алсын хараа нь юу руу зорьж ажиллаж байгаа вэ?
Сиатлидаа хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн сургууль болно гэсэн зорилго тавьсан. Мөн манай англи хэлний сургуулийг төгссөн суралцагч бүр хүссэн их дээд сургуульд элсэх боломжтой баталгааг өгч чадах сургууль болно гэж зорьж ажилладаг.
Хоёр орны зах зээл дээр бизнес эрхлэх боломж
Та бүхний хувьд Америк Монгол гээд хоёр орны зах зээл дээр бизнес эрхэлж байна. Анх бизнесээ эхлэх боломжийг яаж олж харж байв?
Монголын органик хөрсийг бизнес болгох боломж их байна
Бид долоон жилийн өмнө хүнсээр анагаах соёлыг дэлгэрүүлэх зорилготойгоор “Аму” брэндээ үүсгэн байгуулсан. 2-4 Nutritaion center-тэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ явцад би өөрөө Америкт ирж амьдрахаар болоод манай хамтрагч н.Дарьсүрэн Монгол дахь бизнесээ авч үлдсэн. Би дөрвөн жилийн өмнө Америкт ирээд харсан чинь хүнсээр анагаах соёлыг Монголд байтугай дэлхийд ч түгээх хэрэгцээ зайлшгүй байна гэдгийг олж харсан. Тэгээд зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн зах зээл дээр бизнесээ өргөжүүлэхээр шийдэж Америкаас эхлээд явж байна.
Бидний хамгийн гол хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бол Монголын уламжлалт анагаах ухааныг орчин цагийн Nutrition-тэй холбодог учраас дэлхий дахинд яалт ч үгүй шинэ тренд мөн.
Америкийн эрүүл мэндийн витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зах зээл 2016 оны судалгаагаар гэхэд 90 тэрбум доллар эргэлддэг зах зээл гэж гарсан байсан. Энэ том зах зээл дээр бидэнд бизнес хийх маш том боломж байна. Монголд агаарын бохирдол болон хүмүүс хэтэрхий их мах идснээс шалтгаалаад эрүүл биш байгаа бол Америкт хэтэрхий их химийн бодистой орчинд амьдарч, химийн бодистой эм их хэрэглэдгээс болоод хорт хавдар тусах нь бас их байна.
Органик хүнсний тариалангийн хувьд ихэнх улс 500-аас дээш жилийн газар тариалангийн түүхтэй байдаг. Тэгэхэд манай Монгол улс ердөө 70-100хан жилийн газар тариалангийн түүхтэй. Монгол хөрс бол органик. Энэ хөрс шороогоо ашиглаад дахиж ургах боломжтой газар тариаланг хөгжүүлэх боломж байна. Энэ зах зээл яваандаа Азиуд, Хятадууд манай зах зээлийг маш их харж байгаа. Яагаад гэвэл органик тариалалтын хамгийн том боломж бол Монголд байгаа.
Н.Шагай: Би 2011 онд Америкт ирээд магистраа хамгаалж байхдаа хамгийн сүүлийн үеийн технологуудийг сурч, ашиглаад юм хийж болно гэдгийг харсан. Ганцаараа их нүддэг байсан. Олон төслүүдийг өөрөө гаргаад хийж байгаа ч ганцаараа учраас амжилттай болоогүй. Олуулаа хийхгүй бол хол явахгүй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд шинэ залуу үеийн хүүхдүүдийг бэлдээд, сайн инженерүүдийг төрүүлье гэж “Нэст” академийг санаачилсан. Бид нар дэлхийн зах зээл дээр бизнес хийхийн тулд хүнээ бэлдэх нь хамгийн чухал гэдэг утгаараа энэ бизнесийг анх 2017 онд эхэлсэн.
Боломжгүйдээ гэж бодож байсан үе байсан уу?
Н.Шагай: Боломж байхгүй биш зүгээр хийгүй байгаа. Яг тууштай хийж байгаа хүмүүсийн бизнес бол амжилттай явж байна. Ямар ч өрсөлдөгч байхгүй зах зээл шүү дээ. Бид нар энд ирсэн байгаа болохоор тэр боломжийг олж харж чадаад байгаа. Монголд байгаа хүмүүс юу нь зөрөөд байгаа вэ? гэхээр өдөр тутмын ажил, амьдрал нь хэтэрхий завгүй байдаг. Тиймээс урт хугацаанд яг юу болох вэ? гэдгийг харж чадахгүй байгаа хэрэг.
Өмнө нь Монголд байхад өглөө 8 гэж гараад л орой 8 гэхэд арай гэж гэртээ орж ирдэг байлаа. Байнгын тийм завгүй амьдралын хэмнэлтэй амьдрахаар би таван жилийн дараа юу болох, арван жилийн дараа Монгол улс хаана очих вэ? гэдгийг бодох сөхөө гарахгүй. Харин Америкт чи өөрийнхөө юмыг хийчихээд л явж болно. Тэрнээс хойш өөрийгөө хөгжүүлэх, холын зорилгоо бодох боломжуудыг гаргаж өгсөн юм болов уу гэж боддог.
Монголд IT-ийн инженерийн мэргэжил сонголт харьцангуй бага байна гэсэн судалгаа гарсан. Та бүхний заах арга барил нь юугаараа өөр вэ? Инженерийн мэргэжил ирээдүй юмаа гэдгийг хэрэглэгчддээ ойлгуулах нь бас нэг том сорилт байгаа биз?
-Н.Шагай: Манай хэрэглэгчид үүнийг одоо болтол ойлгоогүй л байна. Одоог хүртэл зөвхөн Монголд гэлтгүй Америкийн сургуулиуд ч цээжлэх арга барил дээр суурилсаар байна. SAT,TOEFL-ийн шалгалтууд бүгдээрээ л цээжлэхийг л шаарддаг. Чи эд нарыг цээжилсэн байна уу? Мэдэж байвал өндөр оноо авна. Бид энэ арга барилыг өөрчлөхийг зорьж байгаа. Манай сургалтын арга нь практик дээр суурилсан coaching буюу суралцагчдаа дасгалжуулах байдлаар бэлтгэнэ. Үүнийгээ л бид эцэг эхчүүдэд ойлгуулж хүүхдүүдээ инженер болгох хэрэгтэй талаар таниулмаар байдаг.
Нэвтрүүлгийг дэлгэрэнгүй үзэх линк:https://www.youtube.com/watch?v=m9rTA-YzgSE&t=3046s