Улсын онцгой комисс 2020.03.10-ны өглөө 06.00 цагт хуралдаж орон нутгийн болон хотруу орох замын хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэр гаргаж, тэр дороо хэрэгжүүлсэн билээ. Гэтэл хотод ажлаар ирчхээд буцаж чадахгүй гацсан, Төв аймгаас ажилдаа ирээд орой нь харьж чадахгүй хонох айл хайж яваа гурван хүүхдийн ээж гэх мэт олон хүмүүс байна. Өвчнөөс урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоохыг хүндэтгэн үзэж буй ч АРД ИРГЭДИЙНХЭЭ өдөр тутмын амьдралыг хэвийн явуулах боломжоор хангаж, гаргасан шийдвэрээ сайн мэдээлснийхээ дараа хэрэгжүүлэх шаардлага байна.
Жишээ нэг: Төв аймгийн харьяат иргэн н.Давааням
Ажилтай хотод байж байгаад буцаад гэр рүүгээ явъя гэхээр явуулахгүй байна. Хотод очье гэхээр хонох айл амьтан байхгүй. Өлзийтийн постон дээр өдөр 12 цагт ирсэн одоо 21 цаг өнгөрч байна. Өдөржин машиндаа суугаад би харья гээд гуйгаад байж байна даа. Өлзийтийн хүмүүсийг паспорт, үнэмлэхийг нь шалгаж оруулчхаад байгаа хирнээ Төв аймгийнхныг оруулахгүй байна. Өдрөөс хойш энд Төв аймгийн маш олон хүмүүс ирчхээд хүлээж хүлээж буцсан. Төв аймгаас олон хүн хотруу ажилдаа явдаг шүү дээ.
Жишээ хоёр: Төв аймгийн харьяат иргэн С.Марал
Гэр Төв аймагт, ажил хотод байдаг. Өглөө 7 цагийн үед хот руу орж ирсэн. Буцаад гаргахгүй гэж мэдсэн ч гарах гэтэл өө одоо гаргахгүй гээд гаргаагүй. Би 1-7 насны гурван хүүхэдтэй. Гурван хүүхдээ ээждээ харуулаад орхисон. Орой ажлаа тараад Өлзийтийн постон дээр ирсэн. Бичиг баримт үзээд явуулчих байх гэтэл явуулахгүй байна. Би хүүхдүүд дээрээ оччихвол буцаад хот руу ирэхгүй байж болно. Ядаж хүүхдүүд дээрээ очмоор байна.
Жишээ гурав: Иргэн Д /манай редакцын пээж хуудсанд хандав/
Би өчигдөр Дархан хотоос хотод албан ажлаар ирээд Улаанбаатар хотод хөл хорионд орчхоод байна. Над шиг ийм асуудалтай зөндөө хүмүүс байна. Надтай хамт гэхэд л манай ажлаас гурван хүн ирсэн. Өглөө сэртэл л гэнэт ийм шийдвэр гарчихсан байсан. Гэнэтийн шийдвэрээс болж хохирч байна шүү дээ. Орон нутаг руу нь буцаачихвал тэндээ хөл хорионд байх асуудал алга. Шинжилгээ ч өгч болж байна. Тэгэхгүй бол гэрт маань нярай хүүхэдтэй эхнэр маань үлдсэн. Санаа зовоод хэцүү байна.
Жишээ дөрөв: Иргэн З /манай редакцын пээж хуудсанд хандав/
Сайн байна уу? Би 5,6,10 настай гурван охинтой. Гурван хүүхдээ гэрт нь түгжээд гараад ирсэн. Бүр уйлах ч хэцүү баларч байна. Онцгой байдлын үүдэнд бүтэн өнжлөө. Өргөдлөө өгчхөөд хүлээгээд байж байна. Бүр санаа зовоод байж сууж чаддаггүй ээ.