2020.03.02-нд Монголд ажиллахаар ирсэн Франц улсын иргэн 57 настай эрэгтэй коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож, Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа билээ. Франц иргэнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд тарсан юм. Тухайлбал “Монголд ирээд хоёр биеэ үнэлэгч авсан” гэх мэдээлэл юм. Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогджээ.
“Франц иргэнийг Монголд байх үед нь уулзсан, тааралдсан 50 орчим хүн бий гэж урьдчилсан байдлаар тогтоож, тухайн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамруулахаар эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагууд ажиллаж байна. Харин энэ иргэнтэй холбоотой худал мэдээ тарсан нь ФРАНЦ улсын иргэн МОНГОЛ улсын хоёр биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл тарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, ямар нэгэн биеэ үнэлэгч аваагүй, байхгүйг тогтоосон. Иргэд ийм ташаа мэдээллүүдийг хөөсрүүлэх буюу нийтийн анхаарал, хандалтыг авах зорилгоор тарааж байна. Мэдээллээ нягталж үзээгүйн улмаас худал мэдээ тараавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгохгүй байна. Хуурамч мэдээ тараасан хүмүүс дам сонссон, хамаатнаасаа сонссон, ажлын газрын хүнээсээ сонссон, групп чат дээр бичсэн байсан зэргээр хариулж байгаа юм”.