ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨ ЭРДЭНЭТДЭЭ ҮЛДЭЖ ЧАДДАГ УУ?
Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны гүйлгээг харахад:
2019 онд Эрдэнэт үйлдвэр 1 их наяд, 66 тэрбум, 562 сая төгрөгний худалдан авалтын төсөв батлагдснаас, 500 гаруй тэрбум төгрөгний худалдан авалт хийжээ.
Өнгөрсөн оны нийт худалдан авалтын 10 орчим хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг Жижиг дунд үйлдвэрлэгч нараас авсан байна.
Бид энэ удаагийн лайв хэлэлцүүлгээрээ Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Орхон аймгийн Жижиг дунд үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэх боломж байна уу, өнгөрсөн жилийн 10 орчим хувийг өсгөх боломжтой юу талаар хэлэлцлээ.
Орон нутгийн ЖДҮ нарын орлого өсөх нь олон ажлын байр бий болох, цаашлаад тухайн аймаг хөгжих гол хүчин зүйлд болдог билээ.
Зочноор:
- Ч.Батсүх
“Цагаан жим” маскны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал
- О.Саранчимэг
“Эрдэнэт хаан сүү” ХХК-ийн захирал
- Ж.Цагаанцоож
“Орхон аймгийн тогоочдын холбоо” ТББ-ын тэргүүн
- Д.Батбаяр
“Ленда” ХХК-ийн захирал
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалт хариуцсан ажилтныг урьсан боловч тодорхой шалтгааны улмаас хэлэлцүүлэгт орсонгүй.
Та бүхэнд хэлэлцүүлгийн онцлох ишлэлийг хүргэж байна:
- Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдсан, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг.
- 2007-2012 онд Эрдэнэт үйлдвэрт хордлого тайлах сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. “Хаан тараг”, ариутгасан сүү гээд өдөрт нь шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг. 2010 оноос Улаанбаатар хотын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрийн компаниуд тендэрт ялдаг болсон.
- Манай үйлдвэрийн хүчин чадал өдөрт 3-5 тонн буюу 6- 10мянган ширхэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
- Бид Орхон, Булган аймгийн ойр орчмын малчдаас сүү бэлтгэн авдаг. Бид Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлдэг байхдаа компани үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулж маш олон төрлийн шинэчлэл, инноваци нэвтрүүлсэн боловч бүтээгдэхүүн нийлүүлэлт зогсохоор үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон.
- Бид ажилтнуудаа ажилтай орлоготой байхын тулд хэвийн боов хийж зарах зэрэг олон төрлийн юм хийж үзэж байна.
- Манайх “Тэсо” ХХК, “Сүү” ХК-иуд зэрэг том компаниудтай өрсөлдөөд ялагдсан. Манайх өдөрт нь үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн хүчин чадалтай байхад 600 км-ын цаанаас сүүн бүтээгдэхүүн авчирч нийлүүлэх шаардлагагүй л гэж харж байна.
- Бид дараагийн тендэрт орохоор материалаа бүрдүүлчихсэн байгаа. Тендэрт ялах эсэхийг “аз” л мэдэх байх.