ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨ ЭРДЭНЭТДЭЭ ҮЛДЭЖ ЧАДДАГ УУ?
Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны гүйлгээг харахад:
2019 онд Эрдэнэт үйлдвэр 1 их наяд, 66 тэрбум, 562 сая төгрөгний худалдан авалтын төсөв батлагдснаас, 500 гаруй тэрбум төгрөгний худалдан авалт хийжээ.
Өнгөрсөн оны нийт худалдан авалтын 10 орчим хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг Жижиг дунд үйлдвэрлэгч нараас авсан байна.
Бид энэ удаагийн лайв хэлэлцүүлгээрээ Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Орхон аймгийн Жижиг дунд үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэх боломж байна уу, өнгөрсөн жилийн 10 орчим хувийг өсгөх боломжтой юу талаар хэлэлцлээ.
Орон нутгийн ЖДҮ нарын орлого өсөх нь олон ажлын байр бий болох, цаашлаад тухайн аймаг хөгжих гол хүчин зүйлд болдог билээ.
Зочноор:
- Ч.Батсүх
“Цагаан жим” маскны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал
- О.Саранчимэг
“Эрдэнэт хаан сүү” ХХК-ийн захирал
- Ж.Цагаанцоож
“Орхон аймгийн тогоочдын холбоо” ТББ-ын тэргүүн
- Д.Батбаяр
“Ленда” ХХК-ийн захирал
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалт хариуцсан ажилтныг урьсан боловч тодорхой шалтгааны улмаас хэлэлцүүлэгт орсонгүй.
Та бүхэнд хэлэлцүүлгийн онцлох ишлэлийг хүргэж байна:
- Манай ТББ-т Орхон аймагт нийтийн хоол, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компаниуд байдаг. Үүнээс Эрдэнэт үйлдвэрийн тендэрт оролцож катерингийн үйлчилгээ явуулж чадах хүчин чадалтай 10 гаруй компани байгаа.
- Эрдэнэт үйлдвэрийн тендрийн шаардлагууд маш өндөр байдаг. Эргэлтийн хөрөнгө, борлуулалтын орлогын өндөр шаардлага тавьдаг. Жишээ нь банкинд 100 сая төгрөгний хадгаламжтай байх ёстой гэх мэт.
- Нэг жишээ дурьдахад: Манай холбоонд байдаг “Од дөл” компани Эрдэнэт үйлдвэрийн тендэрт хоёр жил дарааллан ялж катеринг үйлчилгээ нийлүүлж байгаад 2019 оны тендэртээ унасан.
Уг нь бол тус компаний үйл ажиллагаа жигдэрчихсэн Олон улсын чанарын стандарт IOS нэвтрүүлэн ажиллаж байсан. “Од дөл” компани тендэртээ ялагдсны дараа бүтэн жилийн хугацаанд шүүхийн байгууллагаар яваад ялсан. Гэхдээ одоогоор катерингаа нийлүүлээгүй байгаа.
- Тендэрүүдээ том үнийн дүнгээр хэсэгчлэн багцалчихдаг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өндөр шалгуур болдог. Сүүлийн хоёр жилийн жишгээс харахад дандаа гадны буюу манай Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд дарга нарт нь авилгал өгч тендэрт ялдаг. Эрдэнэт үйлдвэр тендэрийн багцаа олон хэсэгчилж, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүсээ бүрэн хангагдсан компаниудтай хамтарч ажиллаач ээ.
- Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаггүй гадны компаниуд тендэрт ялаад үйл ажиллагаагаа явуулахдаа асуудал гаргадаг олон жишээг манай Эрдэнэтчүүд мэднэ. Жишээ нь одоогийн тендэрт ялсан компани хаа байсан Дундговь аймгаас махаа нийлүүлдэг.