ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨ ЭРДЭНЭТДЭЭ ҮЛДЭЖ ЧАДДАГ УУ?
Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны гүйлгээг харахад:
2019 онд Эрдэнэт үйлдвэр 1 их наяд, 66 тэрбум, 562 сая төгрөгний худалдан авалтын төсөв батлагдснаас, 500 гаруй тэрбум төгрөгний худалдан авалт хийжээ.
Өнгөрсөн оны нийт худалдан авалтын 10 орчим хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг Жижиг дунд үйлдвэрлэгч нараас авсан байна.
Бид энэ удаагийн лайв хэлэлцүүлгээрээ Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Орхон аймгийн Жижиг дунд үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэх боломж байна уу, өнгөрсөн жилийн 10 орчим хувийг өсгөх боломжтой юу талаар хэлэлцлээ.
Орон нутгийн ЖДҮ нарын орлого өсөх нь олон ажлын байр бий болох, цаашлаад тухайн аймаг хөгжих гол хүчин зүйлд болдог билээ.
Зочноор:
- Ч.Батсүх
“Цагаан жим” маскны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал
- О.Саранчимэг
“Эрдэнэт хаан сүү” ХХК-ийн захирал
- Ж.Цагаанцоож
“Орхон аймгийн тогоочдын холбоо” ТББ-ын тэргүүн
- Д.Батбаяр
“Ленда” ХХК-ийн захирал
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалт хариуцсан ажилтныг урьсан боловч тодорхой шалтгааны улмаас хэлэлцүүлэгт орсонгүй.
Та бүхэнд хэлэлцүүлгийн онцлох ишлэлийг хүргэж байна.
“Цагаан жим” маскны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Батсүх
- Манай компани Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг. Байгуулдаад таван жил болж байна. Хөдөлмөр хамгааллын болон тоос, вируснээс хамгаалах олон улсын чанарын шаардлага хангасан N95 маскыг үйлдвэрлэдэг.
- Манай үйдвэр ажилтнуудаа ажилтай орлоготой болохын тулд эрвийх дэрвийхээрээ ажилладаг.
- Эрдэнэт үйлвэр худалдан авалт хийхдээ тендэр зарлах нь зөв ч орон нутгийн үйлдвэрүүдээ ямар нэгэн байдлаар “цаасаар” унагдаг.
- Бид үүсгэн байгуулагдснаасаа хойш Эрдэнэт үйлдвэрт маскаа нийлүүлдэг байсан ч сүүлийн хоёр жил тендэрт унаж нийлүүлж чадаагүй. Хаана үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй “Монгол маск Эрдэнэт” гэдэг компани сүүлийн хоёр жил Эрдэнэт үйлдвэрт маскаа нийлүүлж байгаа.
- Эрдэнэт үйлдвэр тендэрийн гол шалгуураа чанарын шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн аваач ээ. Орон нутагт нь олон улсын чанарын шаардлага хангасан маск үйлдвэрлэж байхад яагаад яагаад холоос худалдан авалт хийдэг юм бэ?
Бид орон нутаг дотроо зургаан км-ийн зайтай байгаа Эрдэнэт үйлдвэртээ маскаа өгч чадахгүй болохоор 1000-аад км-т байгаа Өмнөговь аймаг руу маскаа нийлүүлэхээр судалж байна.
- Оюу-Толгой компани жишээ нь тухайн орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлүүдээ маш сайн дэмжиж ажилладаг. Манай Эрдэнэт үйлдвэрүүд тийм газруудаас суралцах хэрэгтэй.
- Бид ЖДҮ-ээс зээл авья гээгүй. 950 саяыг өг гээгүй. Орон нутагт чанарын шаардлага хангасан бараа үйлдвэрлэж, ажлын байр бий болгочихоод байна. Гэтэл орон нутгийн ЖДҮ эрхлэгчдээ дэмжихгүй байна. Эрдэнэт үйлдвэр биднээс урт хугацааны гэрээ хийж, бараа авч болно шүү дээ ! Бид чанар дээрээ байнга л анхаарах болно !
- Бид гэрээний явцад чанарын шаардлага хангаж ажиллахгүй бол гэрээгээ цуцалж болно. Бидэнд нэг удаа итгэл үзүүлээч .
“Орхон аймгийн тогоочдын холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Цагаанцоож:
- Манай ТББ-т Орхон аймагт нийтийн хоол, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компаниуд байдаг. Үүнээс Эрдэнэт үйлдвэрийн тендэрт оролцож катерингийн үйлчилгээ явуулж чадах хүчин чадалтай 10 гаруй компани байгаа.
- Эрдэнэт үйлдвэрийн тендрийн шаардлагууд маш өндөр байдаг. Эргэлтийн хөрөнгө, борлуулалтын орлогын өндөр шаардлага тавьдаг. Жишээ нь банкинд 100 сая төгрөгний хадгаламжтай байх ёстой гэх мэт.
- Нэг жишээ дурьдахад: Манай холбоонд байдаг “Од дөл” компани Эрдэнэт үйлдвэрийн тендэрт хоёр жил дарааллан ялж катеринг үйлчилгээ нийлүүлж байгаад 2019 оны тендэртээ унасан.
Уг нь бол тус компаний үйл ажиллагаа жигдэрчихсэн Олон улсын чанарын стандарт IOS нэвтрүүлэн ажиллаж байсан. “Од дөл” компани тендэртээ ялагдсны дараа бүтэн жилийн хугацаанд шүүхийн байгууллагаар яваад ялсан. Гэхдээ одоогоор катерингаа нийлүүлээгүй байгаа.
- Тендэрүүдээ том үнийн дүнгээр хэсэгчлэн багцалчихдаг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өндөр шалгуур болдог. Сүүлийн хоёр жилийн жишгээс харахад дандаа гадны буюу манай Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд дарга нарт нь авилгал өгч тендэрт ялдаг. Эрдэнэт үйлдвэр тендэрийн багцаа олон хэсэгчилж, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүсээ бүрэн хангагдсан компаниудтай хамтарч ажиллаач ээ.
- Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаггүй гадны компаниуд тендэрт ялаад үйл ажиллагаагаа явуулахдаа асуудал гаргадаг олон жишээг манай Эрдэнэтчүүд мэднэ. Жишээ нь одоогийн тендэрт ялсан компани хаа байсан Дундговь аймгаас махаа нийлүүлдэг.
“Ленда” ХХК-ийн захирал Д.Батбаяр:
- Манай компани 2005 онд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж Эрдэнэт хотын найдвартай татвар төлөгч болж байсан.
- Манай компанийн хувьд Улаанбаатар хотод жүүс үйлдвэрлэлийн чиглэлээр анх байгуулагдаж байсан Витафит, Витсамо компаниудтай зэрэгцэн Германаас тоног төхөөрөмж, түүхий эдээ оруулж ирж жүүс үйлдвэрлэж байсан. 10 гаруй жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр худалдан авалтаа тендр зарлаж авдаггүй байхад бид жүүс нийлүүлдэг байлаа. Мөн манайх луувангийн жүүс ЕБС-ийн сурагчдад өгдөг байсан.
- Одоо манайх “Бурханы хишиг” гээд эрдэст ус үйлдвэрлэдэг. Усаа Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр хоёр жилийн өмнөөс тендэрт орсон. Эрдэнэт үйлдвэрийн дарга нар өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ шахаагаар авчихдаг. Зарим усны үйдвэр нь Эрдэнэтдээ байдаг ч подволд үйл ажиллагаа явуулдаг ч газрууд бий.
- Хүнд үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудын хорыг уг нь эрдэст ус тайлдаг.
- Би бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтээ ямар ч нам, даргаар яриулахгүй өөрийн бор зүрхээр журмынх нь дагуу явж өгч байсан.
- Эрдэнэт үйлдвэр Италиас цайны ширээ авах ямар хэрэг байгаа юм бэ? Яагаад орон нутгийн ЖДҮ-ээ дэмжиж болохгүй байгаа юм бэ? Тэд идэж ууж тансаглаж ханахгүй байгаа учраас ЖДҮ-чид дээшлэхгүй байна. Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдээ дэмжинэ гэдэг нь энэ үйлдвэрийн мөнгө орон нутагтаа, цаашлаад Монголдоо үлдэнэ л гэсэн үг.
- Хахууль өгөхгүй л бол тендэрт ялдаггүй. Бидэнд тэдэнд өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй.
- Миний нас гүйцвэл ялтлаа л Эрдэнэт үйлдвэрийн тендэрт оролцоно!
“Эрдэнэт хаан сүү” ХХК-ийн захирал О.Саранчимэг:
- Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдсан, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг.
- 2007-2012 онд Эрдэнэт үйлдвэрт хордлого тайлах сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. “Хаан тараг”, ариутгасан сүү гээд өдөрт нь шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг. 2010 оноос Улаанбаатар хотын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрийн компаниуд тендэрт ялдаг болсон.
- Манай үйлдвэрийн хүчин чадал өдөрт 3-5 тонн буюу 6- 10мянган ширхэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
- Бид Орхон, Булган аймгийн ойр орчмын малчдаас сүү бэлтгэн авдаг. Бид Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлдэг байхдаа компани үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулж маш олон төрлийн шинэчлэл, инноваци нэвтрүүлсэн боловч бүтээгдэхүүн нийлүүлэлт зогсохоор үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон.
- Бид ажилтнуудаа ажилтай орлоготой байхын тулд хэвийн боов хийж зарах зэрэг олон төрлийн юм хийж үзэж байна.
- Манайх “Тэсо” ХХК, “Сүү” ХК-иуд зэрэг том компаниудтай өрсөлдөөд ялагдсан. Манайх өдөрт нь үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн хүчин чадалтай байхад 600 км-ын цаанаас сүүн бүтээгдэхүүн авчирч нийлүүлэх шаардлагагүй л гэж харж байна.
- Бид дараагийн тендэрт орохоор материалаа бүрдүүлчихсэн байгаа. Тендэрт ялах эсэхийг “аз” л мэдэх байх.