Онцгой комиссын 11 дэх хурал болж өндөрлөлөө. УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Хамгийн түрүүнд халдвартай нь тогтоогдсон Франц иргэний нэгдүгээр хавьтагчдыг яаралтай олж, шинжилгээнд хамруулах. Мөн вирус Монгол хүнд халдсан эсэхийг нэн яаралтай шинжлэх шаардлагатай" хэмээв.
2020 оны гуравдугаар сарын 10-ний 07.00 цагаас гуравдугаар сарын 16-ний 07.00 хүртэл хотоос орж, гарах автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. Өнөө өглөөний 06.00 цагийн байдлаар орон нутаг уруу 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч, орон нутгаас нийслэл рүүү 21 тээврийн хэрэгслээр 521 зорчигч явж байсан. Эдгээр иргэдийг зорьсон газарт нь хүргэх тусгай зөвшөөрөл олгосон байна.
Мөн ОХУ-аас манай улс уруу нэвтрэх гадаад улсын иргэн, ОХУ-ыг зорих Монгол Улсын иргэний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 29-н хүртэл түр зогсоосон юм. Харин ОХУ-д буй манай улсын иргэн, зайлшгүй дамжин өнгөрөх шаардлагатай гадаад улсын иргэнийг тусгай журам, зохицуулалтын дагуу гаргах аж.
Төмөр зам: Ачаа тээвэр болон транзит тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Харин зорчигч тээвэр явахгүй . Улаанбаатар-Москва-Улаанбаатар , Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэг болон орон нутаг уруу явах бүхий л галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28 хүртэл зогсоолоо.