Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 6-нд Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байсан. Онцгой дэглэмийн хугацааг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд зургаан сараар сунгах шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаас гаргасан юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 13-нд онцгой дэглэмийн хугацаа дуусна.
УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.
“Эрдэнэт” үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн. Шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдана гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байсан юм.