Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусын халдвар БНХАУ-д тархалтын хурд удааширч, өвчтөний тоо багассан. Харин Иран, Итали, Ирак, АНУ зэрэг улсад эрчимтэй өсөж байна.
Гуравдугаар сарын 6-н буюу өнөөдрийн мэдээллээр АНУ-д вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 12 болжээ.
Мөн Лос Анжелес хотод дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүд саяхан Италид аялж байгаад ирсэн байна. Тэднийг эмнэлэгт яаралтай тусгаарласан, халдвар авсан иргэдтэй ойр байсан хүмүүсийг ажиглалтад авчээ.
Ташрамд дурдахад, Колорадо мужид анхны хоёр тохиолдол бүртгэгджээ. Эхний хүн нь 30 настай өөр орны жуулчин. Тэрээр хоёрдугаар сарын 29-нд Дэнвэр хотын нисэх буудалд газардсан аж. Түүнд вирусийн шинж тэмдэг хоёр хоногийн өмнө илэрч, өчигдөр шинжилгээнд хамрагдаж хариу нь эерэг гарсан байна. Харин Дэнвэр хотын захиргаа хоёр дахь тохиолдлын талаар тодорхой мэдээлсэнгүй.