Бизнес өрөг нэвтрүүлэгт орсон АНУ-ын Чикаго хотод эрүүл мэнд, барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг Монголчууд Монголын бизнесийн орчныг ингэж харж байна.
Та бүхэн Америкт бизнесээ амжилттай авч явж байгаа туршлагатай юм чинь энэ туршлагаараа Монголдоо бизнесээ өргөжүүлье гэж төлөвлөдөг үү? Ажиллаж байгаа чиглэлээр нь Монголд ямар боломж харагдаж байна? Ямар бэрхшээл байна вэ?
АНУ-ын Чикаго хотод барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “E-Bro Constuction” компанийн үүсгэн байгуулагч З. Энхзул:
Монголын барилгын стандарт тодорхой бус болохоор бизнес явуулах хэцүү
Бид Монголдоо бизнес эрхлэх талаар байнга судалдаг. Сошиалаас мэдээлэл авна, бизнес эрхэлдэг найз нөхдөөсөө мэдээлэл авдаг.
Миний ажиллаж байгаа салбар болох барилгын чиглэлээр Монголд ямар ч тогтсон стандарт байдаггүй. Стандарт, норм, хэмжилзүй гэдэг бол бизнесийн гол зүйл. Цаашлаад улсын хөгжлийн суурь. Бүх үйлдэл, орц найрлага, материалаа бүртгэлжүүлдэг, тогтсон стандарт мөрдөж ажилладаг байх хэрэгтэй. Жишээ нь Монголд барилгын бараа материал гэхэд маш олон орноос ирдэг. Герман, Орос, Чек, Солонгос, Хятад гээд энэ олон орноос орж ирсэн материалиар нэг стандарттай барилга босгох хэцүү шүү дээ.
Мөн Монголд барилгын чиглэлээр бизнесээ эхлүүллээ гэхэд ажлын байрны сургалтууд маш дутмаг байдаг. Сургалтууд маш хэрэгтэй. Стандартаа мөрдөж ажиллахын тулд ажилтнууд тухайн стандартаа сургалтаар авах ёстой. Барилга барих гэдэг бол тоглоом биш. Хэн дуртай нь барилга барьж болохгүй. Тэгэхээр энэ бүхэн цогцоороо байж барилгын салбар хөгжинө.
АНУ-ын Чикаго, Сан Франциско хотуудад үйл ажиллагаа явуулдаг “Rainbow Dental” шүдний эмнэлгийн захирал П.Солонго:
Би америкт ажилладаг ч Монголын сумдуудад шүдний эмнэлэг байхгүйд их эмзэглэдэг
Хөдөө сумдуудад шүдний эмнэлгийн хэрэгцээ их байна
Би өнгөрсөн зургадугаар сард Монгол явсан. Баянхонгор аймгийн Шаргалжуут сум руу амрахаар явсан юм. Хөдөө сумдуудад шүдний эмнэлгийн чиглэлээр ерөөсөө хоосон байдаг юм байна, ажиллах боломж бололцоо маш их байна гэж би ойлгосон. Шаргалжуут рашаан сувилалыг харахад зуны гурван сар хүн их цугладаг, олон хүн очиж ажиллдаг юм билээ. Тэнд эмнэлгээ байгуулаад тэдгээр хүмүүсийг эмчлэх боломж их байна гэж харсан. Тэр нутгийн хүмүүсээс асуухад манай суманд шүдний эмч байхгүй, шүд нь өвдсөн хүн 60 км явж аймгийн төв орж шүдээ эмчлүүлэх болдог. Шүд нь өвдсөн хүн тэгж явах их хэцүү. Зовж байж очно. Ганцхан суманд тийм байхад Монголд хэдэн сум байдаг билээ яг тийм нөхцөлтэй л байгаа. Улаанбаатартаа яагаад төвлөрөөд байна. Жоохон тараад амьдарвал боломж байна. Би Америкт эмнэлэгтэй ч гэсэн Монголд суманд шүдний эмнэлэг байхгүй байгаад миний сэтгэл эмзэглээд байгаа байхгүй юу. Тэнд байгаа хүмүүс яаж тусалж болох вэ гэсэн бодол надад их төрсөн.
АНУ-ын Чикаго хотод анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Spine Wellness center” компанийн захирал Б.Балдансамбуу:
Монголд бизнес хийхэд бичиг цаасны ажилд цаг их ордог
Монголд бизнес хийхэд бичиг цааснаас эхлээд бизнесийн орчин их хэцүү. Хувийн эмнэлэг байгуулах гэхээр маш олон зөвшөөрөл шаардлагатай болдог. Жилд хоёр удаа комиссын хурлаар ороод эмнэлгийн зөвшөөрөл авна гээд цаг их ордог. Америкт зөвшөөрөл авах шаардлагатай болдог ч харьцангуй богино хугацаанд шийдэгддэг, хүнд суртал байхгүй. Шинэ бизнесийн гэрчилгээ авахад ч асуудал гардаггүй.
Дэлхийн хэмжээнд сэтгэж нутгийн хэмжээнд хэрэгжүүл гэдэг. Чаддаг зүйлээ хөдөө сумын төвд ч очоод хийж чаддаг байх ёстой. Одоо би Монголд бизнес талаараа биш, сургалт талаараа ажиллая гэж төлөвлөж байгаа.
Нэвтрүүлгийг бүтэн үзэх линк: https://www.youtube.com/watch?v=-a7fm0YRpFk