Энэ хичээлийн жилээс алслагдсан аймгийн сумдад боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ердийн сургуульд элсэн суралцаж эхэлсэн. Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл энэхүү боломжийг олгож байгаа юм. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант сумын долоодугаар сургууль 2019-2020 оны хичээлийн жилд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэдэнд тохирсон аргаар хөгжүүлж байгаа. Тус сургуулийн тавдугаар ангийн багш С.Чанцалмаа тусгай хэрэгцээт сурагчтайгаа хэрхэн ажиллаж байгаа туршлагаасаа эцэг эхчүүдтэй хуваалцаж байна.
Манай ангийн сурагч Э маань хурдан хөдөлгөөнтэй, жижигхэн туранхай биетэй, шургаж унах нь их, амархан ядардаг, ядрахаараа хамраас нь цус гардаг. Ханиад томуугаар амархан өвчилдөг, дархлаа султай учраас үе үе хичээлээс чөлөө авдаг байв. Бас тэр унших, бичих, тооцоолох чадвар дутмаг юм.
Анги удирдсан багш миний хувьд энэ сурагчаа хоцрогдолтой сурагч гэхээсээ илүү хүүхэд нэг бүр хөгжлийн онцлогтой байдаг, тэдний нэг нь гэж харан, онцлогт нь тулгуурлан хичээллэхийн тулд эцэг эхтэй нь маш сайн хамтрах шаардлагатай болсон.
Гэр бүл бол тухайн хүүхдийн зөв хүн болж төлөвших, амжилттай суралцах гол хөшүүрэг нь байдаг. Иймээс миний хувьд эцэг эхтэй нэн тэргүүнд ганцаарчлан ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн. Бид хамтдаа баг болохын тулд эхлээд чин сэтгэлийн уулзалт ярилцлагыг гурван удаа хийж, багшийн зүгээс эцэг эх, сурагчаа судалсан. Хоёр дах уулзалтаар эцэг эх маань 7 хоногт 1 удаа сургууль дээр ирж багш болон өөрийн хүүхэдтэй хамтран ажиллах, суралцахаар боллоо. Ингээд:
1. Эцэг эх хуваарийн дагуу ирж багштай хамтран:
- Чин сэтгэлийн ярилцлага
- Хүүхдийнхээ ахиц, амжилт, хүмүүжил, төлөвшлийн тухай ярилцах
- Хичээлийн хэрэглэгдэхүүн хийхэд багшид туслах
- Хүүхдийнхээ дараа 7 хоногт үзэх хичээлийг урьдчилан судлаж хэвшив.
2.Эцэг эх хуваарийн дагуу ирж хүүхэдтэйгээ хамтран:
- Хичээлийн дасгал даалгавар хийхэд туслах урьдчилан судалсан байгаа учраас хялбар байсан
- Чин сэтгэлээсээ ярилцах
- Хамтран үлгэр, өгүүллэг унших
- Дүрд тоглох
- Видео бичлэг үзэх, ярилцах
- Сонирхолтой дасгал, хөдөлгөөн хийх
- Тоглоом тоглох зэргээр хамтран ажилласнаар сурагч болон эцэг эхэд олон эерэг өөрчлөлт гарсан. Үүнээс дурьдвал:
Сурагчид гарсан өөрчлөлт, ахиц:
- Өөртөө итгэлтэй болсон.
- Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон.
- Эцэг эхээ сайн ойлгодог болсон.
- Зөрүүдлэхээ больсон.
- Ханиад томуу хүрэх нь багасч дархлаа нь сайжирсан.
- Найзуудтайгаа эв найртай байдаг болсон.
- Эцэг эхтэйгээ хамтран гэрийн даалгавраа тогтмол хийж ирдэг болсон.
- Ярих чадвар нь сайжирсан.
- Унших, бичих, тооцооллох зэрэг чадваруудад нь тодорхой ахиц гарсан.
- Хүрдийг цээжээр мэддэг болсон.
Эцэг эхэд гарсан өөрчлөлт:
- Хүүхдээ сайн ойлгодог, хайрладаг болсон.
- Хүүхдэдээ зав гаргадаг болсон.
- Хүүхдэдээ тавих анхаарал нь нэмэгдсэн.
- Хүүхдэдээ болон багшид туслах дуртай болсон.
- Чин сэтгэлээсээ бусадтай ярилцаж зөвлөж чаддаг болсон.
- Ангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусдыгаа уриалдаг, багшийн үнэнч туслах болсон.
- Сургуулиас зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцдог болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан.
Ийнхүү нэгэн эцэг эхтэй хамтран ажиллаж ангийнхаа сурагчийг эерэгээр өөрчилж чадсандаа баяртай байдаг. Цаашид залуу багш миний бие эцэг эхтэй ажиллах аргазүй, туршлагаа улам баяжуулан хүүхэд нэг бүрийн хүмүүжил төлөвшилд түлхүү анхаарч, тулгын гурван чулуу болсон хүүхэд, эцэг эх, багшийн холбоог сайжруулан хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулан ажиллах болно.
Ховд аймгийн Жаргалант сумын өрөнхий боловсролын VII сургуулийн бага ангийн багш С.Чанцалмаа