
Англи улсын Лондон хотод “Vitality Running World Cup 2020” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ тэмцээнп дэлхий даяар тархан суугаа 80 гаруй Монголчууд улсынхаа нэрийн өмнөөс 230 орны 300 мянга гаруй тамирчидтай өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээний эхний үе шат гуравдугаар сарын 5–ны 00:00 цагаас (Лондонгийн цагаар) эхэлж, гуравдугаар сарын 11–ний 23:59 цагт дуусах бөгөөд энэ хугацаанд хамгийн олон километр гүйсэн баг дараагийн шат болох шигшээ 16-д үлдэж өрсөлдөх ажээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Сүүлийн шатанд шалгарсан багууд дөрөвдүгээр сарын 2-9–ний хооронд өрсөлдөнө.
Тэмцээнд алдарт Усайн Болт өөрийн улс болох Ямайка, Дэлхийн гурван удаагийн аварга, Лондонгийн 2012 оны олимпийн аварга Дамэ Жэйсика, Британийн багийн ахлагчаар тус тус сонгогдон өрсөлдөнө. Харин Монгол улсыг төлөөлөн оролцох багийн ахлагчаар Соёлсүрэнгийн Амгалан сонгогдсон байна.
Оролцохыг хүссэн тамирчид хамгийн багадаа 30 минутын дотор гурван километр гүйх ёстой бөгөөд бүх оролцогчийн нийт гүйсэн гурван километр замыг тухайн улсын хүн амын тоонд хувааж байр эзлүүлэх журамтай. Өөрөөр хэлбэл, аль болох олон хүн гүйх тусам ялах магадлал ихсэх юм. Мөн гүйсэн гурван километр бүр нь нэг ширхэг хүүхдийн вакцин болж НҮБ-ын Хүүхдийн санд хандиваар очих юм байна.