Улсын Онцгой комисс, засгийн газрын авч байгаа арга хэмжээ зөв зүйтэй байна. Гэхдээ энэ дээр УИХ яагаад санаачлагатай ажиллахгүй байгаа юм бэ гэдэг дээр би гайхаад байна. Сүүлдээ Улсын Онцгой комисс УИХ-ын ажлыг хийх гээд байна шүү дээ. УОК парламент төлөөлөхгүй.
УИХ яг ийм гамшгийн байдалтай байгаа үед шаардлагатай хуулиудын нэмэлт өөрчлөлтүүдийг түргэвчилсэн журмаар баталж өгөх ёстой. Холбогдох өөрчлөлтүүдийг хийж өгөх хэрэгтэй. Улсын Онцгой комисст ямар хэмжээнд хуулиар эрх олгох ёстой юм ? тэрийг нь шийдэж өгөх ёстой.
Дээрээс нь энэ үед төрийн ажил явж байгаа болохоор мөнгө л урсаж байгаа. Дандаа иргэдийн хандив дээр Улсын Онцгой комисс үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэгэхээр улсын төсөвт ямар тодотгол хийх ёстой юм бэ гэдгийг ч ярих хэрэгтэй байна.
Жишээ нь сая Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлаад ирлээ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Ерөнхийлөгчийг тусгаарлана гэдэг байж болохгүй зүйл. Уг нь бол холбогдох хууль гаргачих юм бол Ерөхийлөгч байна уу, аль нэг намын эвэртэн туурайтан дарга байна уу, жирийн иргэн байна уу хуулинд захирагдах ёстой. Тэр утгаараа хуулийн дагуу зөрчил гаргасан ямар ч хүнийг хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл Улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн гэдгээр нь хариуцлага хүлээлгэх биш онцгой байдлын үед мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөн гэдгээр нь хариуцлага ярих юм бол энэ зөв хэлбэр рүүгээ орно.
Жишээ нь иргэдийн зээлийг тэглэх асуудал. Иргэдийн зээлийг тэглэх юмуу, төлөх хугацааг нь хойшлуулна гэдэг зүгээр нэг Сангийн яамны юмуу, Улсын Онцгой комисс, Засгийн газар дангаараа шийдвэрлэх асуудал биш хуулиараа. Ингэж байж бид хуулийн засаглалтай, ардчилсан улс гэдгээ хадгалж явахгүй бол нэг харахад Улсын Онцгой комисс гэдэг газар чинь УИХ-ын ч ажлыг хийгээд, Засгийн газрын ч ажлыг хийгээд сүүлдээ төрийг бүхэлд нь төлөөлдөг юм болоод хувирчихвал цаад утгаараа энэ буруу жишиг.