Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 2 сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь нийслэлд үйлдэгдэж, 14.7 хувиар буурч, 2335 буюу 34.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар өссөн бөгөөд нийт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.
Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 24 буюу 0.4 хувийг хүнийг алах (40.0%▼), 1461 буюу 21.7 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах (9.9%▼), 86 буюу 1.3 хувийг хүчиндэх (36.3%▼), 1843 буюу 27.3 хувийг хулгайлах (6.8%▼), 157 буюу 2.3 хувийг дээрэмдэх (16.9%▼), 1202 буюу 17.8 хувийг залилах (0.2%▲), 23 буюу 0.3 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх (83.2%▼), 216 буюу 3.2 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг (1.4%▼) тус тус эзэлж байна.
Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 19.7 хувь, нийслэлд 17.7 хувь, орон нутагт 23.9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 6.9, нийслэлд 8.2, орон нутагт 2.3 нэгжээр тус тус өссөн байна.
Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өсч, эдийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Гэмт хэрэг үйлдсэн 1734 хүн (18.6%▲)-ий 925 буюу 53.3 хувь нь ажилгүй (15.2%▲), 58 буюу 3.3 хувь нь төрийн албан хаагч (38.1%▲), 1092 буюу 63.0 хувь нь 18-35 насны залуучууд (31.6%▲), 212 буюу 12.2 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 53 буюу 33.3 хувиар өсч, 76 буюу 4.4 хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 27 буюу 26.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ оны эхний 2 сард нийт 383,226 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийхээс 25.1 хувиар, үүнээс 381.391 зөрчлийг шалгаж, шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 77.249 буюу 25.4 хувиар өсч, зөрчил гаргасан 347.163 иргэн, 28.755 хуулийн этгээдэд 9.7 тэрбум төгрөгөөр торгох, 2173 хүнд баривчлах, 3300 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан ба 17430 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувиар буурчээ.
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020.02.23-наас мөн сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5649, нийт 5835 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна.
Баяр, амралтын өдрүүдэд хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.
Дэлхийн олон оронд хурдацтай тархаж буй шинэ төрлийн короновирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын сүүлийн 15 хоногт хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан статистик үзүүлэлт гарсан байна.
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх иргэний үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй нийт иргэддээ цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн талархал илэрхийлж байна.