Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл адал явдалт-уран сэтгэмжийн “Улаан могой” роман хэвлэгдлээ. Хамгийн сүүлд 1937 оны аймшигт хэлмэгдлийн үеийн бодит түүхээс сэдэвлэсэн “Хагацашгүй” эмгэнэлт, уянгын роман бичсэн зохиолч уншигчдынхаа дунд дараагийн зохиолынхоо сэдвийн талаар хэлэлцүүлэг зохиож байсан нь “Улаан могой” роман болж хэвлэгджээ. 15 дугаар зууны дунд аж төрж буй Номундара, Чойжиндара нэртэй ихэр хоёр охины хувь тавилан луу, могойн кодтой.
Номундара, Чойжиндара хоёр бол зургаан түмэн Монголд цуутай Түмэнбилигт зурхайчийн охид аж. Эцгийнхээ зурхайн эрдмийг өвлөсөн Номундарагийн амьдрал 2019 онд аж төрж буй Дуулим бүсгүйтэй нууцлаг сэжмээр холбогдоно. Зохиолын төгсгөлд Боди Алаг хааны үеийн монгол хатны булшнаас Kate Spade брэндийн хавтага олдсоны учир юу вэ? “Сүүлийн үеийн гадаадын уран зохиолд нэг бол бодит баримтад суурилсан намтар зохиол, нэг бол уран сэтгэмжийн бүтээлүүд илүү зонхилж байна. Тиймээс, хаад, хатдын тухай түүхэн сэдвээс энэ удаа зайлсхийж, дундад зууны бага хаадын үе, орчин үе хоёрыг сүлэлдүүлсэн уран сэтгэмжийн зохиол бичихээр шийдсэн” гэж зохиолч ярьж байна. Зунаас эхлээд уншигчдынхаа дунд хүлээлт үүсгэсэн, өвөрмөц нэртэй зохиол нь ийнхүү хэвлэлтээс гарчээ. Зохиолчийн “Хотол цагаан гүнж” романыг Өвөр Монголын Хөх хотын хэвлэлийн хороо албан ёсны эрхтэйгээр монгол бичиг хөрвүүлж байгаа бол, энэ бүтээлийнх нь герман хэлний орчуулга эхэлсэн байгаа юм байна.