ШОРООН ГАХАЙ ЖИЛД “АВАРГЫН” ӨВДӨГ ШОРООДСОН УУ?
Гахай жилийн наадам буюу тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, аварга болсон. Нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид, бөхөд хайртай хүмүүсийн урмын үг, бэлэг шагналд умбаад удаагүй байсан аварга маань харин ДОПИНГ хэрэглэсэн байж болзошгүй болж таарсан. Харин тэр өөрөө ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭ солигдсон ДНК-гийн шинжилгээ өгмөөр байна гэсэн юм. Энэ нь наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон Монголын түүхэн дэх анхны тохиол болсон юм. Асуудал одоо хүртэл эцэслэгдээгүй. Шороон гахай жилд аваргын өвдөг шороодсон эсэхийг хулгана жилд бид мэдэж магадгүй байна.
АЙМГИЙН ХАРЦАГА САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
"Чёнжү 2019" самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн +100кг жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат, Сод Монгол групп, Поверплас компани, Женко клубийн тамирчин ОУХМ, аймгийн харцага Д.Пүрэвдорж, оноогоор цэвэр ялснаар дэлхийн аваргын алтан медаль хүртсэн юм. Түүний амжилт нь Монголын түүхэн дэх самбо бөхийн хүнд жингээс медаль хүртсэн хоёр дахь АЛТАН МЕДАЛЬ билээ.
ГАХАЙ ЖИЛ УЛС ТӨРЧДӨД ХАЛТАЙ БАЙСАН БА ЯЛ АВСАН ТӨРИЙН ТҮШЭЭ
Хоёр удаагийн хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал /2019.11.12/ 14.30 цагаас эхэлж, оройн 22.30 цагт шийдвэрээ гаргасан. Түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар, нийт хоёр жилийн хорих ял оноохоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн юм.
ТӨРИЙН ОРДОНД ТӨРИЙН ХАМГААЛАЛТ ДОР ТӨРИЙН ТҮШЭЭ АСАН НАС БАРАВ
2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын дэд дарга асан, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан АН-ын дэд дарга Г.Батхүү таалал төгссөн юм. Эл хэрэг одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Харин талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр юм. Энэ нь ч нэлээн дуулиан дагуулав.
Н.Номтойбаяр ярихдаа “АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан явдалд би харамсаж байгаагаа илэрхийльe.17-ны орой бид хоёр хамт алхаад манай өрөө рүү орж ирсэн. Бид хоёр хамтдаа авто спортоор хичээллэдэг байсан учир манай өрөөнд орж хэдэн үг сольсон. Талийгаачийг гарсны дараа манай өрөөнд хэн ч орж ирээгүй, бас нэмж гараагүй.Дараа нь би бүлгийн хуралд орсон.Цагдаагийн газар надаас өчигдөр мэдүүлэг авсан.Би хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг мөн” гэсэн юм.
ГАХАЙ ЖИЛД ЭЦЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Монгол Улс 1992 онд анхны Үндсэн хуулиа БАТАЛСАН. Түүнээс хойш нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. МАН засаглаж байх хугацаандаа буюу 64 суудалтай байгаа үедээ 2019 оны арван нэгдүгээр сарын 22-нд ҮНДСЭН ХУУЛИА өөрчлөн баталлаа.
МОНГОЛ УЛС “СААРАЛТАВ”
Монгол Улс Олон улсын мөнгө угаах болон терроризмтой тэмцдэг байгууллага болох ФАТФ-ийн сааралт жагсаалтад багтав. Манай улс тус байгууллагын шийдвэрээр Исланд, Зимбабве улсын хамтаар саарал жагсаалтад бичигдсэн юм. Ингэснээр компани, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж хязгаарлалттай болов. Монгол Улсын олон улс дахь нэр хүнд унаж, гаднын хөрөнгө оруулалт багасах эрсдэл үүсэв. Харин саарал жагсаалтад орсон ХАРИУЦЛАГЫГ хэн ч хүлээгээгүй ба Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж нар өдгөө ажлаа хийж байна.
ЧИНГИС ХААНААС ӨӨР ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХ БАХАРХАЛТАЙ БОЛОВ
“The Hu” хамтлаг Дэлхийд Монголын рок урсгалыг таниулж, Монголчууд бид ЧИНГИС хаанаас өөр цээжээ дэлдэх бахархалтай болов. 2018 оны сүүлээр уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш богино хугацаанд дэлхийн хөгжмийн ертөнцөд танигдаж, анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу” дууг Youtube сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзжээ. Тэдний гаргасан амжилтыг үнэлж Төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
ДАМПУУРСАН БИШ ДАМПУУРУУЛСАН КАПИТАЛ
Монгол банкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргав. Гэвч тухайн банкны нөхцөл байдал хүндэрснийг ТӨР мэдэж байсан ба АЖЛЫН ХЭСЭГ хүртэл байгуулж байв. Даанч ажлын хэсгийн шийдвэрийг ХЭН ч тоохгүй явсаар нэг өдөр ДАМПУУРЛАА зарласан. Тус банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкийг албадан татан буулгасан гэх мэдээллийг Монгол банкнаас өгсөн байдаг. Уг банкны 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа. Хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байжээ.
ЭМЭГТЭЙ САГСЧИД ОЛИМПД ОРНО
Монголын багийн спортын түүхэнд анх удаа буюу Олимпын эрхийг авсан түүхэн амжилтыг Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид гаргав. Монголын 3х3 төрлийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг амжилтын чансаагаараа "Токио-2020" олимпын эрхийн болзлыг хангалаа.
АЙРАГ ДЭЛХИЙН ӨВ БОЛОВ
Бүгд Найрамдах Колумби улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын хурлаар Монгол үндэстний идээ ундааны төрөл “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. Айраг исгэх өвөрмөц зан үйлээ соёлын биет бус өвд бүртгүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллагууд сүүлийн таван жил идэвхтэй ажилласны үр дүнд ийнхүү жуулчдын Монгол Улсад ирэх нэг шалтгаан болдог Монгол уламжлал дэлхийн өв болов.
МУЗЕЙ НЬ ӨӨРӨӨ ТҮҮХ ГЭДГИЙГ МАРТСАН ТӨР
Топ таван улс төрчдийн тэргүүн эгнээнээс гардаггүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төр засаглахдаа хийсэн нэг том алдаа бол БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААСАН ЯВДАЛ болов.
2019 оны 11-р сарын 13-аас бага багаар нурааж байгаад эцэст нь буулгасан. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, ТББ эсэргүүцэж шүүхэд хандсан ч “амжилт” олоогүй, давж заалдах шатны шүүх дээр асуудал унасан.
Өнөөдрийн байдлаар нураагдсан музейн барилгын суурин дээр Чингис хааны музейг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч иргэд хотын төвийн том газарт өөр барилга барих вий гэсэн болгоомжлол, хардлага ч хэвээр байна.
ЖАКУЗИ БАРИУЛСАН САЙД ӨГЗӨГНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хууль зүйн сайд байхдаа арын өрөөндөө төсвийн мөнгөөр жакузи бариулсан байсныг дараагийнх нь хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин илчилж байв. Харин жакузи бариулсан сайд маань үндсэн хуулийн цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн өгзөг илсэн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал албан ажлаар Индонез улсыг зорихоор явж байхдаа дамжин нислэгийнхээ үеэр эл хэргийг үйлджээ. Түүнд Солонгос улс мөнгөн торгууль оногдуулсан бол ирээд өөрийн хүсэлтээр үндсэн хуулийн цэцийн даргын суудлаасаа буусан ч үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээрээ байна.
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙСАН 800 ХЯТАДЫГ БАРИВЧЛАВ
Тагнуулын ерөнхий газраас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн явдал ГАХАЙ жилийн дуулиантай үйл явдлын нэг. Дээрх иргэд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800 хүрсэн. Тэдгээр иргэдийг Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн орж ирсэн гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн юм.
КОРОНАВИРУС
Бидний мөнхийн хөрш Хятадад 2019 онд үл мэдэгдэх өвчин илэрч, улмаар оны сүүлийн өдөр ДЭМБ уг өвчнийг КОРОНАВИРУС хэмээн оношлов. Дэлхийн 50 оронд уг халдвар тархаж, 82,464 хүн өвчилж, 2807 хүн нас барж, 33140 хүн эдгээд байна. /2020.02.28 байдлаар/ Уг халдварыг сармангчингаас, сарьсан багваахайгаас тарсан зэрэг хэд хэдэн янзаар таамаглаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй. Харин вирусийг дарах вакцин, эмийг 2-3 улс оронд үйлдвэрлэхээр ажиллаж байгаа ч вакцин хурдавчилж гаргалаа гэхэд 2021 онд масс үйлдвэрлэлд орох төлөвтэй байна.
Монголд уг вирус орж ирээгүй ч өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож, вирус орж ирэхээс сэргийлсээр байна.