LIVE FORUM: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС
Өрөг.мн, Ub.life сайтууд хамтран Коронавирусийн эсрэг иргэн ТА юу хийж чадах вэ? Live хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
Ц.Ганзориг – Улсын онцгой комиссийн гишүүн, засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга
Б.Цогтбаатар- Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга
Б.Отгонтөгс- МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор
Ж.Хулан- Ub.life сайтын дэд захирал нар оролцлоо.
Бид
–Иргэн та хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?
– Бодитой мэдээллийг хүлээн авахдаа яаж нягтлан шалгах вэ?
– Өрх гэрийн хуримтлал, санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?
– Улсын онцгой комисс ямар шийдвэрүүд гаргав, яагаад гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Ц.ГАНЗОРИГ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ХИЙХ ЁСТОЙ БҮХНИЙГ ХИЙЖ БАЙНА
1. Xот хоорондын зорчигч тээвэр, онгоц галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 27-оос гуравдугаар сарын 3 хүртэл бүрэн хязгаарлана.
2. Орон нутгийн бүх нислэгийг гуравдугаар сарын 3-ний 08.00 цаг хүртэл зогсооно.
3. Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3 хүртэл сунгана.
4. Монгол-БНСУ хоорондын бүх нислэгийг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал зогсооно.
5.Монгол-Япон хоорондын нислэгийг энэ сарын 28-аас гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсооно.
6.Төрийн албан хаагчид гадаадад зорчих, томилолтоор явахыг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсооно.
7.БНСУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа зорчигчдыг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 30 хүртэл хилээр нэвтрүүлэхгүй.
8.“COVID-19” халдварын талаар худал мэдээлэл тараасан, эрсдэлтэй улс орноос ирэхдээ мэдээллээ буруу өгсөн, шаардлага биелүүлээгүй иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
УОК-ийн гишүүн Ц.Ганзориг хэлэхдээ “Ямар ч хүмүүсийг хот руу оруулах боломжгүй. Ирэх мягмар гарагийн 08.00 цаг хүртэл нэвтрүүлэхгүй. Хоног хугацаа сунгах нь иргэний хариуцлагын асуудал юм. Сүүлийн 3 жилийн тогтвортой бодлогын хүрээнд Монгол улс гурилаа буюу үр тариагаа 100 хувь дотоодоос хангадаг болсон. Махны хэрэглээгээ ч хангаж байна. Өөрөөр хэлбэл стратегийн хүнсээ 100 хувь хангаж байна. Дээр нь хүнсний тухай хуульд зааснаар засгийн газрын шийдвэрээр улсын нөөцийг бүрдүүлнэ. Энэ сэдвийг УОК дээр тогтмол ярьдаг. Улс орон байнгын нөөцтэй байхыг шат шатандаа ярьж байгаа. Эрсдэлгүй бүсээс яаж хүнсээ бэлдэхийг ярилцаж байгаа. Зах худалдааны төвүүдийг хаагаагүй. Заавал хүнс нөөцлөх гэж ямар нэг зохиомол үнийн хомсдол үүсгэх эрсдэлийг ИРГЭДЭЭ бүү гаргаарай.
Бид зөвхөн зорчигч тээврийн урсгалыг л хаасан. Экспорт дээр нүүрс, газрын тосны асуудал үүсэж байгаа. Гэхдээ зөвхөн Монгол улс хохирол амсаагүй. Топ эдийн засагтай бүх улс орон эрсдэл хүлээж байна. Бид эрсдэлийн үеийн менежментээ хийгээд явж байна.” Гэсэн юм.
live forum-ийн үеэр үзэгчдээс ирсэн зарим асуулт
Мессежийг кириллээр бичиж болох уу?
Давхардсан тоогоор 4.2 сая хүн гар утастай. Бүгд харилцан адилгүй. Кирилл үсгийн мессежийг дэмжих боломжгүй утас бас байна. Бүгд ухаалаг утастай биш. Тиймээс кириллээр бичихгүй байгаа юм шүү.