Улсын заан Н.Жаргалбаярын сар шинийн баярыг тохиолдуулан бөхөд хайртай ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлснийг хүлээн авна уу.
Улсын заан Н.Жаргалбаяр бөхийн спортоор хичээллээд 10 жил болжээ. Тэрээр анх 2010 онд Улаанбаатар хотод ирээд, Алдар спорт хороонд Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Түүний аав үндэсний бөхөөр барилддаг, Монгол улсын начин цолтой, Увс аймгийн Тэс сумын харьяат Д.Нэгдэл гэж хүн бий.
2016 онд Н.Жаргалбаяр өөрийнхөө багш Монгол улсын харцага, нутгийн ах Т.Өсөх-Ирээдүй харцагаар улсын цолтны эгнээнд тав давж орж байжээ. Дараа нь 2017 онд Г.Эрхэмбаяр аваргаар долоо давж, Монгол улсын заан цолтон болж байсан. 2018 онд заан цолоо баталж шөвгийн дөрөвт үлдэж байсныг үзэгчид санаж байгаа байх.
Тэрээр бөхийн спортоор хичээллэж эхэлснээсээ хойш тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа бидэнтэй хуваалцлаа.
“2010 онд манай Сэлэнгэ аймгийн “Таван Хан” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлд гарчихсан байсан юм. Тэр үед би жин багатай байсан. Уураг ууж байж жин нэмнэ гэж дотроо их боддог. Бэлтгэлээ хийгээд байгаа хэрнээ уураг байдаггүй. Зүүн бүрэн сумын харьяат манай н.Батцэнгэл гэж талийгаач ах хүү байсан. Тэр ахынхаа уурагнаас хулгайлж уугаад, баригдаж байж билээ… Их л загнуулж билээ. Тэгсэн харин манай нутгийн ах хүү энэнд нэг уураг авч өгөхгүй бол болохгүй нь. Хамаг амьтны уураг хулгайлж ууж дууслаа гээд надад хотоос уураг өгч явуулж байсан юм.”
Түүнийхээр жудаг гэдэг бол : "Монгол бөхийг өөрийнхөө бие дээр тээж, бөхийн ёс жудгийг өвлөн авч явж байгаа хүмүүс дараагийн залгамж халаа болсон залуу үедээ нэр төртэй залгамжилж өгөх нь Монгол бөхийн жудаг гэж боддог" хэмээн ярилаа.