НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан А.Ганбаатар нарыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Тэгвэл, Ц.Сандуй хорих ангийн эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Харин энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Эмнэлэгт хэвтээгүй” гэх үгүйсгэсэн хариултыг өглөө.
Нэмж мэдээлэхэд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг МАН-ын "60 тэрбумын" гэх хэрэгт буруутган шалгаж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааж, тэдэнд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлээд байгаа юм.
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорионы хугацааг сунгах эсэхийг энэ сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцсэн. Шүүх хуралдаанаар, хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан юм.