Нэт капитал санхүүгийн групп гурван жилийн өмнө Америкт салбараа нээх талаар судалж, 2019 онд АНУ-ын Чикаго хотод САЛБАРАА нээсэн юм. Америкт бизнесээ өргөжүүлэхэд тулгарсан асуудал, анзаарсан зүйлээ “Нэт капитал санхүүгийн групп”-ийн ТУЗ-ийн дарга ингэж ярьлаа.
“Миний хувьд залуугаасаа л Монголд өөрийн бизнесээ эхлүүлж өдөр шөнөжин ажиллаж компаниа босгосон. 2012 оны хямралаас эхлээд долларын ханш өсч, олж байгаа ашгаа төгрөг рүү шилжүүлж бодохоор татвар төлсөн, цалин тавьсан, гарт баригдах ашиг бараг байхгүй байсан.
Илүү ашигтай ажиллахын тулд гаднаас хөрөнгө оруулалт татъя гэхээр хөрөнгө оруулагч нар та нарын бизнес болж байна, даанч танай Монголын бизнесийн орчин, хууль эрхзүйн нөхцөл таатай биш байна гээд орж ирдэггүй.
Тэгэхээр бизнесээ өргөжүүлэх сүүлийн хувилбар нь одоогийн босгож ирсэн бизнес моделоороо гадаад зах зээлд гарч ажиллаж долларын ашиг олбол хурдан хөгжих юм байна гэж харсан. Тэгээд л Америкт салбараа нээхээр болсон.”
Америкт бизнесээ тэлэх гэж байгаа бол дараах зүйлүүд дээр анхаараарай
1. Монголоос Америкийн зах зээл, бизнесийн тухай нарийн мэдээлэл бага олддог. Гүүгл, youtube зэрэг хайлтын суваг дээрээс Монголыг бүсээр нь ч юмуу хаачихдаг юм билээ. Америкт ирж байж илүү хэрэгтэй мэдээллээ олж авсан.
2. Өндөр хөгжилтэй орны хууль эрх зүйн орчин гэх мэт бүх салбар нь сайн хөгжчихсөн. Дотроо олон салбарлаж, маш олон лиценз шаарддаг. Тэр нь цаг их авдаг, ажил хурдан амжуулахад хэцүү.
3. Ажлуудаа сайн төлөвлөхгүй бол Монголд нэг сар хийх ажлыг Америкт зургаан сар зарцуулдаг.
4. Америкийн хувьд 12 цагийн зөрүүтэй бүс болохоор өдөр шөнө зөрж таардаг. Тийм болохоор Монголоос ажиллах хэцүү. Ажлуудаа маш сайн төлөвлөөд орчинд нь буюу Америкт ирж ажилла.