"Бизнес өрөг" нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн энэ удаагийн дугаарт Чикаго хотод үйл ажиллагаа явуулдаг “I Codice”, “Clear Corp” компаниудын үүсгэн байгуулагч, захирал П.Амгаабаатарыг урьж, ярилцлаа.
Түүний 2009 онд үүсгэн байгууулсан Clear corp компани нь IT сервисийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үл хөдлөх болон хуулийн компаниуд, дунд сургуулиудтай хамтран ажилллаж байна. Харин I Codice компани нь программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, онцлох бүтээгдэхүүн болох Club membership апп нь 1,3 сая хэрэглэгчтэй болж хөгжжээ.
Зочин хөтлөгч:
- Б.Энхбат
“Clear Corp” компанийн гүйцэтгэх захирал
- Д.Сүндий
Хэдхэн сарын өмнө АНУ-ын Чикаго хотод санхүүгийн үйлчилгээ үзүүлэх салбараа нээсэн “Нэткапитал санхүүгийн групп”-ийн ТУЗ-ийн дарга
НЭГ. ЗУРАГТ ЗАСВАРЫН АЖЛААС IT-ИЙН БИЗНЕСЭЭ БОСГОСОН ТҮҮХ
Америкт эхнэр хүүхэдтэйгээ 20 -хон доллартай үлдээд яаж амьдарна даа гэж шаналж байсан үе бий…
Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Баярлалаа.
Манай нэвтрүүлэг АНУ-д ирээд нэлээн олон дугаар хийхэд анх удаа хотын төвд оффистой газар бичлэг хийх гэж байна. Хотын төвд оффис түрээслэхэд өндөр үнэтэй юу?
Ерөнхийдөө бусдаас харьцангуй үнэтэй.
Оффис хотын төв байхын давуу тал нь юу вэ?
Хэрэглэгчидтэйгээ илүү ойрхон байхын тулд төвд байдаг. Нэг компани маань IT сервисийн үйлчилгээ үзүүлдэг болохоор харилцагч байгууллага дээр асуудал гарахад таван минутын дотор л очихоор тооцож төвд байдаг.
Та 1997 онд анх Америкт ирж байсан юм байна. Ямар ямар ажил хийж байгаад хэдэн жилийн дараа өөрийн бизнесээ эхлүүлсэн бэ?
Анх би англи хэл сурахаар ирж, зургаан сар хэлний курст сууж байлаа. Ирснээсээ хойш есөн жилийн дараа бизнесээ эхлүүлж байсан. Тэр хооронд мэргэжлээрээ хэд хэдэн газар ажиллаж байв. Би их азтай янз бүрийн ажил хийлгүй мэргэжлээрээ ажиллах боломж эрт олдсон. “I speed internet service private” гээд компаниудад интернет суурилуулдаг компанид ажиллаж байсан. Намайг тэнд ажиллаж байх үед Америкт хурдны интернет яг тавигдаж эхлэж байсан үе.
Энд ирсэн ихэнх хүмүүс богино хугацаанд хэл сураад, туршлага хуримтлуулчихаад буцна гэсэн бодолтой ирдэг юм билээ. Та англи хэлээ сурчихаад яагаад буцаагүй юм бэ?
Тийм. Хэсэг ажиллаад нутаг буцна даа гэсэн бодолтой байсан. Даанч буцаж очоод юу хийх билээ гэж бодохоор хийх юм санаанд орж өгдөггүй байсан л даа. Тэгээд технологийн эх оронд мэргэжлээрээ сайн туршлагатай болъё гэж шийдээд үлдсэн.
Наашаа ирэхээсээ өмнө Монголд ямар ажил хийж байсан бэ?
Би Гүрж улсад физикийн мэргэжлээр төгссөн. Төгсөөд Монголдоо очоод Монгол банкинд дөрвөн жил сүлжээний инженер хийсэн. Монгол банкны анхны банк хоорондын сүлжээнүүд, салбаруудынхаа сүлжээнүүдийг хийлцэж байлаа.
Бизнесээ эхлүүлээд хэрэглэгч олох амархан байсан уу?
Эхний хэдэн сар хэцүү байсан. Ажил байхгүй гэрийнхээ хашааны өвсийг хадаад л байсан үе бий. Хуулийн фермтэй хамтарч ажилладаг байсан. Тэр нэг хэрэглэгчээ утасдахыг хүлээгээд л зогсож байв. Тэр үед манай эхнэр их өрөвдөж байсан гэсэн /инээв/ Гэхдээ намайг хувийн бизнес эхлүүлэхийг манай эхнэр л сайн дэмжсэн анх.
Хэрэглэгч олох сорилт дээрээ олон бизнесүүд уначихдаг юм билээ?
Америкийн зах зээлийн бичигдээгүй хууль гэж байдаг. Эхний жилдээ шинэ бизнесүүдийн таван хувь нь л үлдэж чаддаг. Дараагийн жилдээ таван хувь нь үлддэг гэдэг. Тэгээд таван жил болсон бизнесийг бизнес боллоо гэж үздэг.
Танд хэдэн жил нь хэцүү байсан бэ?
Эхний гурван сар ганцхан хэрэглэгчээс хамааралтай, хамгийн хэцүү үе байсан. Тэгээд амнаас ам дамжсан маркетинг яваад дараа дараагийн хэрэглэгчид гарч ирсэндээ. Дөрөв дэх сараас дараагийн хэрэглэгч орж ирж байсан.
Хэдий гуравхан сар ч гэсэн хэрэглэгч хүлээж байгаа хүнд урт хугацаа биз?
Хүлээж байгаа хүнд бол нэг хоног ч гэсэн урт шүү. Гэхдээ тэр гурван сардаа би өөрийгөө сайжруулаад Microsoft-ийн бүх түвшний мэргэжлийн сертификатуудыг авч байсан. Долоо хоног бүр нэг төрлийн сургалтад суугаад, шалгалтаа өгөөд яваад байсан. Найман долоо хоногийн турш сураад, найман шалгалт өгөөд лицензээ авсан.
Америкийн зах зээл том ч эхлүүлсэн бизнес болгон амжилттай явдаггүй. Таван жил болж байж сая бизнес боллоо гэж үздэг
Тухайн үед ер нь Америкт IT-ийн салбарын хөгжил ямар байсан бэ? Зах зээлийн боломжоо та хэрхэн харж байв?
IT-ийн салбар 1999 онд Америк гэлтгүй дэлхий даяар “Why to keep problem” болно гээд бүх хүмүүс компьютераа сольж байсан. Тэр нь IT салбарын зах зээл өргөжихөд маш том боломж болсон л доо.
Тэр нь ямар асуудал юм бэ?
Y2K гээд 2000 он болонгуут л компьютерийн бүх цаг нь алдаа заахыг хэлж байгаа юм . 2000 он болоход бүх компаниуд компьютерээ солих хэрэгтэй болсон. 1999оны 12 сарын 31 өнгөрөөд л компьютерийн цаг 1980-руу буцаж орохоор программчлагдчихсан байсан. Тэр үед миний ажиллаж байсан компаний борлуулалт 3-4 дахин өсч байсан.
Одоо компани нь IT сервис, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Компани байгуулаад хэдий хугацааны дараа программ хангамж руу орсон бэ?
IT сервисийн үйлчилгээгээрээ бид хуулийн фирм, дунд сургуулиуд, үл хөдлөхийн компаниудтай дагнан ажилладаг. Харилцагч компаниудынхаа IT-ийн чиглэлийн бүх зүйлийг нь хариуцаад явдаг. Компьютерийн тохиргоо хийх, сервер үйлчилгээ, email хяналт, утасыг нь хүртэл хариуцдаг гэсэн үг. Мэдээллийн аюулгүй байдал, дотоод сүлжээ, шинэ ажилтны компьютерийн тохиргоо, ажилтан гарахад мэдээллийг нь хаах зэрэг.
Харилцагч компани бид нарт дуудлага өгөөд л болоо гэсэн үг. “I Codice” компани нь маань болохоор программын компани. Манай харилцагч нарт хэрэглэгдэх апп, программ, мобайл апп зэрэг бүтээгдэхүүн хэрэгтэй болоход бид өөрсдөө тэр үйлчилгээнүүдээ хийж цогцоор нь үйлчилж байгаа л гэсэн үг.
Компаниуд яагаад өөрсдөө IT инеженер авахгүй, компанид хандаж байгаа юм бэ? Компаниас үйлчилгээ авахын давуу тал нь юу юм?
Жишээ нь энд жижиг компаниуд IT инженер ажилд авъя гэхэд доод тал нь жилийн 60-80 мянган долларын цалин өгөх болно. Нэг хүн багадна. Түүний оронд манайх шиг мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллавал үнэ хямдаас гадна мэргэжлийн хувьд ч илүү байдаг.
ХОЁР. БИЗНЕСИЙН ДАРААГИЙН ШАТ
Зочин хөтлөгч:
- Б.Энхбат
“Clear Corp” компанийн гүйцэтгэх захирал
- Д.Сүндий
“Нэткапитал санхүүгийн групп”-ийн ТУЗ-ын дарга Сүндий
Б.Болорчимэг: Программ талаа хөгжүүлээд маш сайн өөрсдийн брэнд бүтээгдэхүүн гаргаад ирвэл бизнесийн хувьд илүү хурдтай өсдөг. Компанийнхаа бүх цаг, боломжоо өөрсдийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлбэл илүү ашигтай биш үү?
Мэдээж тийм зүйл бол байгаа. IT сервис компаниараа бид тогмол санхүүгийн орлоготой байна. 30 ажилтны цалингаа байнгын тавих хэрэгтэй болно. Программ хөгжүүлэлт бол гүйцэтгэж гүйцэтгэж зах зээл дээр амжилттай болох магадлал эргэлзээтэй. Uber, Facebook амжилттай болсон нь цаг үеэ зөв олж гарч ирсэн. Тэрнээс биш өмнө нь Uber шиг, фэйсбүүк шиг үйлчилгээтэй компаниуд зөндөө л байсан.
Америкийн зах зээл дээр дунд түвшний бизнесүүд тэлэлт хийж дараагийн шатанд гарах хэцүү
Д.Сүндий: I CODICE дээрээ өөрсдийн хичнээн төслийг хэрэгжүүлж байгаа вэ?
П.Амгаабаатар: Өөрсдийн хоёр том төслийг хөгжүүлээд явж байна. Нэг нь “Bar Membership” төсөл. Хоёр жилийн өмнө Америкийн North Сarolina мужид баар, night club-уудад зориулсан Compline tules гэдэг программ бичсэн маань одоогийн байдлаар 1,5 сая хэрэглэгчидтэй болсон байна. Бид hardware-ээ ч өөрсдөө хийдэг. Манай киоск дээр дата нь дата нь нэгтгэгдээд явна.
Б.Болорчимэг: Яагаад заавал энэ салбарт бүтээгдэхүүн ажиллахаар болсон бэ?
П.Амгаабаатар Манай нэг найз North Сarolina night club ажиллуулдаг юм. Тэгээд бүх бүртгэл данс тооцоо цаасан дээр байгаад хэцүү байна гээд анх санал тавьж байсан юм. Мөн Америкийн олон зуун жил хэрэгжиж байгаа хуулиар насанд хүрээгүй иргэн баар цэнгээний газар орох хориотой байдаг. Club-ууд үйлчлэгч нэг бүрээ иргэний бүртгэлээр нь шалгаж оруулдаг. Тэгээд л бид энэ зах зээлд дата үүсгэх боломж байна гэж хараад анхны компани болж орсон. Одоогоор North Carolina мужийн бааруудын дөрвөны нэг буюу 25 хувийг авчихсан байгаа. Үүнийгээ 35 – 40 хувь болгочихоод дараагийн мужууд орно.
Д.Сүндий: 1,3 сая хэрэглэгч бүрдчихсэн юм чинь cross хийгээд өөр бүтээгдэхүүн гаргаж зарах боломж нь хэр байгаа вэ?
П.Амгаабаатар: Байгаа. Манай киоск дээр хүмүүс check-in хийгээд орно. Тэгэхээр add гарч ирнэ. Сурталчилгаагаа Facebook маягаар хийгээд явна гэсэн үг. Чи өөрийнхөө зар сурталчилгааг хаана харуулмаар байгааг сонгоод, хотоо сонгоод, дараа нь эрэгтэй хүнд үзүүлэх үү эмэгтэй хүнд үзүүлэх үү гээд бүх сонголтоо хийгээд байршуулна.
Д.Сүндий: Нийт хэдэн киоск байгаа вэ?
П.Амгаабаатар: Одоо ойролцоогоор манай киоскыг хэрэглэж байгаа 300 баар байгаа. Нэг бааранд 1-5 киоски байдаг.
Бид бүх анхаарлаа программ хөгжүүлэлт рүү хандуулбал санхүүгийн урсгал зогсоно.Тиймээс hardware, software-ээ зэрэг хөгжүүлж явдаг.
Гэхдээ манай баарнуудтай хамтарч ажиллаж байгаа club membership бүтээгдэхүүн маань хурдтай хөгжиж байгаа
Нэг талдаа Америкийн зах зээл том учраас эхлүүлсэн бизнес болгон амжилттай явахаар юм шиг. Гэхдээ мэдээж нарийн мэргэшил шаардсан салбарт өрсөлдөөн байдаг байх. Жишээ нь IT сервисийн харилцагчтай болохдоо шалгаруулалтанд орж байж гэрээ хийдэг үү? Манайхаар бол тендер шиг?
Б.Энхбат: Сургууль дээр жишээ авахад нэг сургуулийн IT сервисийг авахын тулд IT-гийн төлөвлөгөө боловсруулах шаардлага гарна. Манай компани тэр төслийн бүх судалгааг хийж датаг нь судлаад, цуглуулаад эхний жил ийм ажил, хоёр дахь жилдээ ийм ажил тэдэн жилийн дотор танай сургууль IT талаасаа цогц үйлчилгээтэй сургууль болно гэсэн төлөвлөгөө боловсруулна. Мөн л тендер шиг төслөө боловсруулж шалгаруулалтад ордог.
Одоо та бүхэн хэдэн сургуультай хамтарч байгаа вэ? Сургууль дээр ямар үйлчилгээнүүд үзүүлдэг вэ? Сургууль жишээлбэл ямар үйлчилгээ авч байгаа вэ?
Тухайн сургуулийн компьютерийн IT-тай холбоотой бүх үйлчилгээг үзүүлнэ. Анх сургуультай хамтарч ажиллаж байхад нэг сургууль 700 орчим компьютертэй байсан. Тэгэхэд бид 1-2 инженер нэг сургууль хариуцуулахад болчихдог байсан. Сүүлд Барак Обама ерөнхийлөгчийн үед сургуулиудын бүх компьютерүүдийг шинэчилж, нэг сургууль 2500 гаруй компьютертэй болсон. Америкийн дунд сургуулийн хүүхэд гэртээ нэг, ангидаа нэг, номын сандаа нэг компьютертэй байдаг.
Хүүхэд болгоны компьютер дээр ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
Вирусээс хамгаална. Орж болохгүй сайт руу оруулахгүй. Хаана юу болж байгааг нь бид монитор хийгээд явна.
Өөр ямар ямар бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа вэ?
Өөр төслүүд гэвэл бид одоо бизнесүүдийн website-ийг support чатботод бэлдэж өгч байгаа. Харилцагч web сайт руу ороход автоматаар биш өмнөөс нь харилцах зарчмаар хөгжүүлнэ гэсэн үг.
Hardware, software хоёр чиглэлээр ажиллаж байна. Бизнес нь арав гаруй жилийн туршлагатай болчихлоо. Одоо бизнесээ дараагийн шатанд гаргах тал дээр яаж ажиллаж байгаа вэ?
П.Амгаабаатар Одоо манай дээр хоёр том төсөл яригдаад явж байгаа. Нэг төсөл ярихад 3-4 сар зүгээр л яригдаад явна. Тэгээд яг төсөл болоод хийгдээд явах хүртлээ жил болно. Эрсдэл байна тэр хэмжээгээрээ бас олон хүнтэй байх хэрэг болно. Тэгээд олон хүн ажилд авахаар эргээд эрсдэл үүсгэнэ. Хэрвээ хүнгүй байвал том ажил авахгүй. Тэгээд ажил орж иртэл хугацаа авна. Ийм асуудлууд гардаг.
Д.Сүндий: Миний харснаар үйлчилгээ үзүүлдэг бизнес тэлэх гол арга нь франчайзинг юм шиг байгаа юм. Энд бизнестээ хөрөнгө оруулалт татах боломж хэр зэрэг байдаг вэ?
Б.Энхбат: Ер нь бол байна байна. Манай үйлчлүүлэгчийг дотор нь хуваагаад авч үзвэл хамгийн том үйлчлүүлэгч бол сургууль. Нийтдээ хоёр мянга гаруй компьютертэй. Хоёрдогч том үйлчлүүлэгч маань хуулийн фермүүд байна. Тэгээд одоо гурав дахь нь худалдааны болон үл хөдлөхийн бизнесүүд.
Д.Сүндий: Та бүхэн туршлагадаа тулгуурласан маркетинг хийгээд, брэнд болгох цаг нь болсон юм биш үү гэж хараад байна?
П.Амгаабаатар: Цаг хугацааны хувьд хэцүү байдаг. Одоо хийж байгаа ажлаа орхих уу, хаанаас гаргах вэ гээд.
Б.Энхбат: Ашигт үйлийн коэффецэнт буюу компанийн гүйцэтгэлийн үнэлэмж гэж байдаг даа. Миний хувьд залуучуудынхаа ашигт үйлийн үнэлэмжийг 65,70 хувь чадвал 80 хувь ажиллуулдаг болчихвол бид энэ моделоо цааш нь маркетинг хийгээд явахад болчихлоо гэж үзэх гээд байна. Ингэж ажиллуулна гэдэг мултитаскинг гэдэг шиг л юм болох байх. Ер манай залуучууд ийм түвшинд дөхсөн байгаа.
Б.Болорчимэг: Ер нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт хайж үзсэн үү?
Б.Энхбат: Ер нь гэрээтэй ажил хийгээд яваад байгаа. Тэрнээс давсан ажил нь гэвэл түрүүний тендерт оролцсон төсөл байгаа. Одоо ажилтнуудынхаа цалин хангамжийг илүү болгохын тулд компаниа өргөжүүлэх, зах зээлээ тэлнэ. Хөрөнгө оруулалтыг бол өдөр болгон л хайдаг. Хэд хэдэн газраас худалдаж авъя гэсэн санал ирсэн. Бид ингэж босгосон бизнесээ худалдчихмааргүй байна.
Монголд байгаа инженерүүддээ ажил өгч хамтарч үзсэн. Гэхдээ нэг стандарттай ажиллах гэж хугацаа алддаг юм билээ
Д.Сүндий: Би хөндлөнгийн нүдээр харахад технологийн компаниуд том ба жижиг гэж хоёр хуваагдаад байгаа юм шиг. Google, Microsoft шиг улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг том компаниуд хэрхэн томрох, өргөжих асуудлаа шийдчихсэн. 10-15 хүнтэй компаниуд энд бизнесээ өргөжүүлэх асуудал юм байна. Хуулийн үйлчилгээ, маркетинг, IT үйлчилгээ бүгд тусдаа үнэтэй. Тэгэхээр эрсдэл хийж чадахгүй жижиг хэвээрээ үлдээд байна уу гэж харагдсан.
Харин Монголд байгаа компаниудтай хамтраад, ажиллах хүчээ Монголоос аваад өргөжвөл хэр зэрэг боломжтой вэ?
П.Амгаабаатар: Тэгж үзэж байсан. Ялангуяа программын чиглэл дээр ажиллаж үзсэн. Гэвч бас хандлага таарахгүй байх тохиолдол их юм билээ. Монголын нэг түвшин байна. Зүгээр л ажиллаж л байвал боллоо гэсэн байдлаар ханддаг. Ажиллана гэдэг чинь бүх талаараа ажиллахыг хэлнэ шүү дээ. Бүх төрлийн device нь дээр. Тэгээд алдаа гараад засах гэхээр цагийн зөрүү, ойлголтын зөрүүний хугацаа алддаг. Энд 10 минутад засах юмыг хоёр хонох болдог. Мөн нэг ойлголттой, нэг стандарттай байх хэрэгтэй болдог.
Б.Болорчимэг Уг нь одоо технологийн том компаниуд алсын зайнаас ажилладаг болж байна шүү дээ.
П.Амгаабаатар: Одоо алсын зайнаас ажиллах хандлага буцаад эргэж байна. Одоо технологийн компаниуд бүтээмжээ бодоод өөрчлөгдөж байна.
Б.Болорчимэг: Уг нь Монголоос ажиллах хүч авбал цалингийн хувьд харьцангуй хямд шүү дээ?
П.Амгаабаатар: Гэхдээ хэр зэрэг удаан тогтвортой ажиллуулж чадах вэ гэдэг асуудал юм билээ.
Б.Болорчимэг: 30-аад Монгол залуусаа энд мэргэжлээр нь ажиллуулж байгааг харах их бахархал төрж байна. Яагаад заавал Монголчуудыгаа авч ажиллуулдаг вэ ?
П.Амгаабаатар: Монгол залуусаа ажиллуулах амар байдаг. Хатуу үг хэлэхэд уурлаад, гомдоод байдаггүй. Бас их чадвартай. Манайхан юм сурахдаа сайн, хурдан. IT дээр нэг жил, программ дээр 6-7 сар сургахад л болчихдог. Гэхдээ манайд хэд хэдэн Америкууд бий.
Б.Болорчимэг: Бизнесийнх нь ойрын зорилго нь юу вэ?
П.Амгаабаатар Би программын компанидаа нэлээн мөрөөдөлтэй. Бид гурван төсөл хийчихвэл хурдан томорчих магадлалтай. Одоо бид нарын хийж байгаа өөрсдийн гурван төсөл дуусчихбал манай компани өргөжинө.
Баярлалаа. Бидний урилгийг хүлээн авч цаг гарган ярилцсанд. Та бүхэнд амжилт хүсье.
Нэвтрүүлгийг бүтэн үзэх линк:https://www.youtube.com/watch?v=1RUbUExTQ9U