Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.
Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад 2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
Одоогоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн 1 хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байна.
Болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангасан байна.
ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулжээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дэлхий нийтийг цочирдуулж, тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн энэ үед УОК, ЭМЯ, ХӨСҮТ болон нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтан сувилагч мэргэжилтнүүд та бүхэн маань өдөр, шөнөгүй нойр хоолоо умартан өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд, иргэн хүний хувьд баярлаж байна, Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хүнд хэцүү цагийг хамтдаа амжилттай давж, баярлан уулзахыг ерөөе.
Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцласан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсч байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй.
Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс