Инстаграмд “баячуудын дэвсгэр, эксүүдийн талаар дм мэдээлэл авна”гэсэн танилцуулгатай хэд хэдэн хаяг байна. Тухайлбал нэг хуудас нь байнга стори хийж, одоогоор 317 пост, 6096 дагагчтай болжээ. Ингээд Монгол охид, эмэгтэйчүүдийн зургийг постлоод тайлбар хэсэгт нь“ийм хүнтэй унтаж байсан, энэ бол янхан, энэ эмэгтэй бол биеэ үнэлэгч, хөхөө гадаад өвөөгийн мөнгөөр хийлгэсэн” зэргээр бичиж байна. Мөн хоорондоо секс хийсэн гэх залуусын зургуудыг эвлүүлж, олны танил, гэр бүлтэй хүмүүсийн зургийг ижил хүйстэн гэж ойлгогдохоор постолж байна.
Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Фэйсбүүк компани уруу эдгээр хуудаснуудыг хаалгах хүсэлт явуулсан ч хаягийг нээхдээ Австрали улсаас нээсэн тул хаах боломжгүй. Австрали улсын цагдаагийн газарт ханд гэсэн хариу өгсөн. Бид ажиллаж байна” гэв.
Харин инстаграм хэрэгчид бидэнд хоёр улсын цагдаагийн байгууллагыг хүлээхгүй авч болох нэг арга бий. Энэ нь REPORT хийх. Бусдын нэр төр, эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, нэр зурагтай нь зарлаж байгаа эдгээр хуудаснуудыг репорт хийж, эрх эрх чөлөөгөө хамгаалахгүй бол таны ч тухай худал мэдээлэл орох аюултай.
Саяхан л гэхэд цахим орчинд хүнд зодуулж буй бичлэг нь тарсан 50 гаруй настай эр Сэлэнгэ аймагт байх гэртээ амиа хорлосон байдалтай олдсон. Амиа хорлохынхоо өмнө “намайг нутаг орон даяар муулж байна, би ичиж байна” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл олон улсад сошиал булли гэж нэрлэгдсэн цахим орчинд хүнийг гадуурхах, худал цуу тараах явц нь өсвөр насны хүүхдүүд, залуусыг амиа хорлоход нь нөлөөлөх, сэтгэл зүйн дарамтад оруулах, бусдад шоолуулах, улмаар мэдээллээрээ барьцаалагдах зэрэг эрсдэлтэй.
Тиймээс хүний ор хөнжил, бэлгийн амьдралд хошуугаа дүрж буй дээрх хаягуудыг репорт хийхийг уриалж байна.
Репорт гэж юу вэ?
Инстаграм компани нь Фэйсбүүкийн охин компани юм. Эдгээр апплейкэшний хэрэглэгчид нийгэмд, иргэдэд хор хөнөөлтэй буюу садар самуунд уруу татсан, худал мэдээ тараасан, гэмт хэрэг, террозмийн бичлэг цацсан бол өөр олон хэрэглэгч мэдээлж, тухайн хаягийг хаалгах хүртэл арга хэмжээ авахуулж болно.
Жич: Худал мэдээ тарааж буй инстаграм хуудасны зураг, нэрийг сэтгүүлчийн ёс зүйн кодод заасны дагуу нууцлав. Хэрвээ та дээрх хуудсуудыг мэддэг, дагадаг бол репорт хийж болно.