Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга бол амны хаалтыг тогтмол зүүх. Гэвч амны хаалтны хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа учраас орон нутгийнхаа оёдлын үйлдвэрүүд, оёдолчидоо түшиглэн үйлдвэрлэж эхлээд байна. Тухайлбал, оёдлын томоохон 3 үйлдвэр, оёдлын цехүүд 02-р сарын 20 гэхэд 40000 амны хаалт үйлдвэрлэн, хүлээлгэж өгөхөөр өнөөдөр /2020.02.13/ гэрээ байгууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав хэлэхдээ: "Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт өдөр, цагаар нэмэгдэж байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, аймаг орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа бүх оёдолчдодоо талархал илэрхийлье" гэлээ.
Мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, стандартын дагуу оёж бэлэн болгосон амны хаалтыг өдөрт 2 удаа татан авч, нэгтгэн багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнуудаар дамжуулан иргэдэдээ хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Khovdnews.mn