Шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт дэлхий дахинд 65 247-д хүрч, 1491 нас барж, 7092 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эрдэмтдийн үзэж буйгаар тархалтын оргил үе болоогүй байгаа ч аль хэдийн 28 улсад бүртгэгдсэн байна. Хонконгийн их сургуулийн багш дөрөвдүгээр сарын дунд эсхүл тавдугаар сарын дунд үед тархалтын хэмжээ дээд цэгтээ тулна хэмээсэн.
Малайз улсад коронавирусын 19 дэх тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөн 39 настай, эмэгтэй нэгдүгээр сарын 25-нд Үхань хотоос Малайзад очжээ. Тэрээр вирусийн халдвартай болох нь тогтоогдсон өмнөх хоёр хүний хамаатан юм байна. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад тусгаарласан байгаа.
Мөн Хонконгод дахин гурван шинэ тохиолдол нэмэгдэж халдвар авагсдын тоо 53 болжээ. Хонконгод бүртгэгдсэн шинэ гурван тохиолдол хүнээс дамжсан болох нь тогтоогдсон. Халдвартай нь батлагдсан 43 настай эрэгтэй, өмнөх 50 тохиолдлын нэгнийх нь хамаатан. 67 настай эмэгтэй, 37 настай эрэгтэй мөн л вирусийн халдвартай болох нь тогтоогдсон хүмүүстэй оройн зоог барьсан байна.