Автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийг шууд хөөн буулгаж, торгоно хэмээн нийтийн тээврийн байцаагч нар автобусанд ажиллаж байгаа талаар иргэд гомдол гарган манай редакцад хандсан юм.
Бид иргэнийг торгох ямар хуулийн зохицуулалт байгаа болон жолооч, иргэдээс тодруулга авлаа.
“Улаанбаатар смарт карт” компанийн ажилтан Б.Алтанзул: Бэлэн мөнгө төлөөд автобусаар үйлчлүүлж байгаа хүмүүсийг торгоогүй. Автобусаар картаа үзүүлээд үйлчлүүлэх дадалд хэвшүүлэхийн тулд мөнгө төлж байгаа иргэнийг автобуснаас хөөж, заавал картаар үйлчлүүлэхийг шаардаж байгаа. Цаашдаа карт борлуулах, цэнэглэх төвүүдээ олшруулахаар ажиллаж байна. Автобусанд суурилуулсан төхөөрөмжүүд их өндөр өртөгтэй байдаг. Нэг жилд л гэхэд 10-20 автобусанд төхөөрөмж суурилуулдаг. Түүнээс гадна эвдэрсэн гэмтсэн тохиолдолд бид дахин шинээр тавьдаг. Иймээс бид иргэдийгээ картаа цэнэглээд нийтийн тээврээрээ зорчихыг уриалж байна.
Иргэн Ж.Гэрэлмаа: Би дандаа картаараа зорчдог. Олон хүн бэлэн мөнгөөр зорчдог. Картаа яагаад цэнэглүүлээд явж болдоггүй юм. Тэгээд өгсөн мөнгийг нь жолооч нар л өөрсдөө авдаг. Иргэд өөрсдөө нийтийн тээврийн үйлчилгээ муу байна л гээд байдаг хирнээ ухамсарлаад бэлэн мөнгөөр бус картаараа зорчих хэрэгтэй. Иргэд картаар үйлчлүүлдэг болчихоод дараа нь бидний төлсөн мөнгийг үйлчилгээндээ зарцуулж, сайжруулах хэрэгтэй гэж шүүмжилдэг болмоор байна.
Иргэн Б.Пагмадулам: Карт цэнэглэх, борлуулах цэгүүд маш ховор байдаг. Би заримдаа Зайсангийн эндээс хотын төв явдаг юм. Хотын төв хэсгээр картаа цэнэглээгүй л бол Зайсан хавиар карт цэнэглүүлнэ гэж байхгүй. Тэгээд л бэлэн мөнгөөрөө суучихна. Заримдаа байцаагч нар шалгалт хийж байна гэх нэрийдлээр учир зүггүй л хөөгөөд буулгачихдаг. Өчнөөн минут хүлээж хүлээж суусан автобуснаасаа хөөгдөөд буучихсан хүн ч картаа цэнэглэх гэхээр цэнэглэдэг газар нь хомс, ажилдаа хоцрох гээд байдаг. Нэг бол овоохон мөнгөтэй байвал такси барих л хэрэгтэй болдог. Одоо Нийтийн тээврийн газар, карт хариуцдаг газрууд нь автобусаа ирэх хугацааг нь хурдасгах тал дээр илүү анхаарч ажиллах л хэрэгтэй байна.
Бид бэлэн мөнгөөр зорчсон иргэнээс болоод сар бүр 25 мянгаар торгуулмааргүй байна
Нийтийн тээврийн компанийн жолооч Б.Гончигсүрэн: Би нийтийн тээврийн компанид 4 дэх жилдээ ажиллаж байна. Иргэд л өөрсдөө ухамсартай байгаад бэлэн мөнгөөр биш автобусны картаа цэнэглээд л зорчвол жолооч, иргэдэд аль алинд нь асуудал үүсээд байхгүй. Бэлэн мөнгөөр зорчсон иргэнээс болоод жолооч нар сар бүр өөрсдийн цалингаасаа 25 мянган төгрөгөөр торгуулдаг. Энэ нь сардаа 600-700 мянган төгрөгийн цалинтай бид нарт хүнд тусдаг. Компаниас жолооч бид нарыг хүмүүс картаар зорчиж байна уу гэдгийг нь анхаарч, шаардлага тавь гэдэг. Уг нь жолоочид олон хүний амь насыг хариуцаад явдаг хүмүүс. Картаа уншуулж байгаа эсэхэд нь анхаарах хяналт шалгалтын хүмүүс биш шүү дээ.