Хятадын Хубэй мужийн Ухань хотоос коронавирусын халдвар тархаж, одоогоор Дэлхийн 28 орны 60280 иргэн өвчилж, 1310 хүн нас бараад байна. Харин Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон билээ. Тиймээс коронавирусээс хамгаалах гол хэрэгсэл МАСК-ны хэрэглээ өссөн. Гэтэл манай улсад маскны нөөц хомс байна.
Бид 10 эмийн сангаар орж маск байгаа эсэхийг тодруулахад бүгдэд нь нэг ширхэг ч маск байсангүй.
Монгол улсад маск үйлдвэрлэдэг ”Мөнхийн тун” гэх ганцхан үйлдвэр байдаг. Тэд маскаа эмнэлгүүдээр тараагаад дуусдаг гэлээ. Харин өнгөрсөн хугацаанд эмийн сангууд нөөцөлсөн байсан Япон, Хятад, Солонгос маскуудаа тараагаад дуусчээ.
Ази фарм эмийн сангийн эмийн санч Б.Хонгорзул: Манайх маскны их нөөцтэй байсан ч эхний сардаа хүмүүс бөөндөж аваад хурдан дууссан. Сүүлдээ олон хүнд хүртээмжтэй байлгахын тулд нэг хүнд нэгийг л өгдөг болсон. Харин одоогийн байдлаар маск огт ирэхгүй байна. Манай менежментийн байгууллага маск хайж байгаа ч олдоц нь хомс болохоор үнэтэй олдоно. Тэгэхээр эмийн сангаар үнэтэй зарагдана. Үнэ өсгөөд зарахаар иргэд бухимдана.
Иргэн Б.Ичинноров: Би өөрөө хувиараа бизнес эрхлэгч. Гэр бүлийнхэн, ажилчдынхаа эрүүл ахуйд санаа тавьж маск, гарын ариун цэврийн хэрэгсэл хайгаад явж байна. Би гэрийн хажуугийн гурван эмийн сангаар орсон. Бүгдээрээ л маск байхгүй, дууссан гэж байна. Харин ариутгагч санитол, спирт хангалтай байна. Манайх шиг үйлдвэрлэгч биш оронд гэнэтийн хурдан тархацтай вирус орж ирсэн болохоор нөөцөлсөн маскуудаа эмийн сангаар тараасан ч хүрэлцээ муу байх нь мэдээж байх. Манай гэрийнхэн эхний долоо хоногтоо маскаа бөөндөөд авчихсан байсан. Одоо бүр олдохоо боливол маскаа өөрсдөө оёод л зүүнэ гэж бодож байна.
Иргэн Г.Ганзориг: Би өдөр болгон эмийн сангуудаар маск байгаа эсэхийг асуудаг. Асуух бүрд л маск байхгүй, ирээгүй байна л гэдэг. Эхлээд би хэзээ ирэхээр байгаа талаар асуугаад гардаг байсан бол одоо байхгүй гэдэг хариулт авсаар байгаад бухимдаж байна. Аргаа бараад сармайсан, сунасан маарлаар маск шиг юм оёод л зүүж байна. Энэ вирусээс нь хамгаалж байгаа юм уу гэдгийг бүү мэд. Үнэндээ маскны хүрэлцээ муу байна.