Дөнгөж сая манай сэтгүүлч У.Уранцэцэг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байсан коронавирусын талаар худал мэдээ тараасан иргэн Г-тэй уулзаж, тодруулга авлаа.
Тэрээр "АЙМШИГТАЙ МАНАЙ ХАМААТАН ОНЦГОЙ КОМИССТ АЖИЛЛАДАГ, ВИРУС ИЛЭРСНИЙГ НУУЖ БАЙГАА ЮМ БАЙНА" гэсэн пост хийж, иргэдийг төөрөгдөлд оруулсан худал мэдээ тараасан юм. Түүнтэй ижил худал мэдээ тараасан 10 орчим хүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иргэн Г ярихдаа "Би өчигдөр шөнө үүрээр оруулсан байсан юм билээ. Өчигдөр найзуудтайгаа гадаадаас ирээд, ресторанд ороод өөрийгөө хянах чадваргүй байсан юмаа. Яг ч миний пост биш л дээ. Хүний пост copy paste хийчихсэн юм. Нийт ард иргэддээ хэлэхэд ташаа мэдээлэл тараах нь хуулийн хариуцлагатай буруу юм байна гэж хэлэхийг хүсэж байна. Цагдаад байцаагдаад уучлалт хүсээд сууж байна. Постоо бас засаж уучлалт хүссэн байгаа. Цагдаагийн газраас намайг хуулийн үндэслэлээр шийтгэж, торгох л юм байна. Худал мэдээ түгээсэн гэж. Ерөнхий сайдын захирамж гарсан гэж бас сонслоо. Мэдээ тараасан элдэв зорилго бол байхгүй. Яагаад түүнийг хүнээс хуулж тавьсан гэвэл бусдыг сэрэмжлүүлэх гэсэн л зорилго байсан. Хүмүүст хүргэх гээд онцгой байдал гэх мэтээр бичсэн нь миний алдаа байсан. Уучлаарай" гэв.