Орхон аймаг дахь томилолтоо дуусгаад буцах замдаа Монгол орны үзэсгэлэнт байгаль, дэлгэр талыг хучсан цасан бүрхүүл, адуу малын ая тааваараа бэлчээрлэх амгалан хөдөөгийн үзэсгэлэнд нүдээ баясгаж явсаар нэгэн сууринд ирлээ. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. Бидний зорьж очсон газар нь тус суманд байрлах Улсын нөөцийн цэг байв. Улсын нөөцийн цэгт 20 дахь жилдээ ажиллаж байна хэмээн хуучлах энэ хүн бол Жамбалын Лхагвасүрэн. Тэрээр 2000 оноос хойш механикч, жолоочийн орон тоон дээр ажиллаж байгаа ч түүнд хийхгүй ажил гэж байхгүй. Сэтгэл шингэсэн бүхэн эргээд л ирдэг юм. Тиймээс аминых, ажлынх гэж ялгалгүй л хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингэж байж амьдралаа залгуулж, энэ насаа гоёно шүү дээ хэмээн ярих түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
Аливаад чин сэтгэлээсээ хандана гэдэг таны хэлснээр их чухал юм. Үр өгөөж нь ч гэгээлэг сайхан байдаг байх?
Тийм шүү. Улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ бид биелүүлж байгаа алба хаагчид. Энэ үүрэг Онцгой байдлын байгууллагаар овоглож байгаа хүн бүхэнд хамаатай шүү дээ. Тийм болохоор тус тусын ажил, үүргийн хуваарилалт гэж байгаа. Өөрт оногдсон үүргийнхээ онцлогийг ойлгоод ажиллах нь чухал гэж боддог. Саяхан л ажилд орж байсан санагдах юм. /инээв/ Гэтэл цаг хугацаагаар тооцвол 20 жил болчихсон байна.
Таны энэ байгууллагатай холбогдсон тэр үеийн тухай яриа дэлгэвэл?
Би Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрж, өссөн. Сумынхаа арван жилийн сургуульд 8 жил суралцаад Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаж, агротехникч мэргэжил эзэмшсэн. Мэргэжлээрээ нутаг орондоо ажиллаж байгаад амьдралын шаардлагаар 2000 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд шилжин ирж, суурьшсан. Ирсэн даруйдаа Улсын нөөцийн цэгт механикч авна гэсэн зарын дагуу шалгаруулалтад ороод тэнцэж байлаа.
Та ажлынхаа онцлогийг юу гэж тодорхойлох бол?
Улсын нөөцийн бараа материалыг Засгийн газраас тогтоосон тоо хэмжээнд бүрдүүлэх, зарцуулах, буудайн сэлгэлтийг хуваарийн дагуу сэлгэн байршуулах үүрэгтэй. Үүнээс гадна агуулахад хадгалагдаж байгаа үрийн улаан буудай болон цахилгаан тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, чанар стандартад хяналт тавин ажиллаж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Юу хийвэл болохоор байна, хаана эвдрэл, засал хийх шаардлагатай байна гээд бүгдийг л хийнэ. Манайд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд ажилладаг. Засварлаад, шинэчилчихсэн. Мөн 2018 оноос хойш нутаг оронд зохицсон үрийн будааг тариалах туршилтыг хийж байна. Энэ ажлын хүрээнд буудайн чанартай, арвин ургацтай сорт шалгаруулах зорилгоор зөөлөн, хатуу буудайн, арвайн сортуудыг харьцуулан судалж, тариалангийн бүсүүдэд тохиромжтой арвин ургацтай сортыг шалгаруулах тэдгээрийг технологийн чанарын үзүүлэлтээр харьцуулан үзэх зорилтуудыг дэвшүүлж байгаа юм. Хоёр жилийн туршилтаас үзэхэд манай нутагт Дархан 144, Дархан 181 гэсэн сортын будаанууд тохирч байгаа нь тогтоогдсон.
Та залуучууд бидэнд хандаж юу гэж захих вэ?
Тууштай, хөдөлмөрч бай л гэж захимаар байна. Миний хийх ёстой ажил биш ээ гээд хойш сууж болохгүй. Энэ байгууллагын алба хаагч учраас бүхий л зүйл зөвхөн надаас шалтгаалах юм байна гэдгийг ухамсарлаж байх нь чухал санагддаг шүү. Үйлс бүхэн нь гэгээн болохоор үйл хэрэг минь сэтгэлчлэн бүтдэг сайхан алба шүү дээ.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин