УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мөрдөн байцаалтад буй хэргийн нууцыг задруулсан хэмээн ЦЕГ-т гомдол гаргажээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэг сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.
Зариг.мн сайт өнгөрсөн онд манай улсад хууль бусаар цахим сүлжээ ашиглан мөнгө угаасан байж болзошгүй БНХАУ-ын 800 иргэний асуудлыг нийтэд ил болгосон билээ. Улмаар хэвлэл мэдээллийн анхааралд өртөж тус 800 гаруй Хятад иргэнийг албадан гаргаж байв. Мөн дээрх Хятад иргэдийг ямар шугамаар, хэрхэн, хэн гэгч хүн оруулж ирсэнийг сурвалжлан олон нийтэд хүргэсний дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьцаа эзэмшдэг компани байсныг ил болгож байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажлаа хийсэн сэтгүүлчийг "мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг задруулсан учир Зариг.мн-тэй хамтран ажилладаг цагдааг олж өг" хэмээн ЦЕГ-т гомдол гаргасан байна.
2019 онд ЦЕГ-т Зариг.мн сайттай холбоотой 14 гомдол, он гарсаар дөрвөн гомдол ирсэн. Эдгээр гомдлын 14 нь хэрэгсэхгүй болж, дөрөв нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа талаар энэ үеэр мэдээлсэн билээ.