Хоёрдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Энэ үеэр “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг 10 гаруй жилийн өмнө НМХГ-аас гаргасан хэмээн танилцуулж, нураах шаардлагатайг мэдэгдсэн юм.
Харин түрээслэгч нар өөрсдийн орлогоороо капитал засвар хийдэг бидэнд ус алдаад, дээрээс юм уначих гээд байгаа юм алга. Бид ажлын байртайгаа үлдэхээр тэмцэнэ гэсэн юм.
Уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд нэг метр квадратыг 20-22 мянган төгрөгөөр түрээсэлдэг байна.
Оёдолчин Б.Тунгалаг: Би 22 жил юм оёлоо. Зургаан метр квадрат талбайг 350 мянгаар түрээсэлдэг. Урт цагааныг хүмүүс хөдөөнөөс хүртэл зорьж ирж, үйлчлүүлдэг. Албаныхан байнгын муу талыг сурталчилж, нийгэмд буруу ойлголт төрүүлж байна. Урт цагааны энэ ганц барилга олон жил болсон юм биш. 40 мянгатын барилгууд 70 жил болсон ч өнөөдрийг хүртэл байсаар байна. Бид хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ объектод 10 гаруй жил нэг ч засвар хийгээгүй. Хэрэв бидэнд засвар үйлчилгээ хийх чиглэл өгвөл бид амьжиргаагаа залгуулж байгаа энэ газартаа засвараа хийгээд цааш үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байна. Бид ажлын байргүй болмооргүй байна.
Оёдолчин Д.Заяа: Уг нь 2020 оныг “Ахуй үйлчилгээ”-ний жил болгон зарлачихаад одоо болохоор ахуй үйлчилгээ, эд бараа төвлөрсөн 58 жилийн настай барилгыг яагаад нураах гээд байгаа юм бэ? Зүгээр л хэн дуртай нь телевизээр мэдээлэл хийгээд болчихно гэж бодсон бол эндүүрсэн. Бидэнд урьдчилж ямар ч мэдээлэл өгөөгүй байж шууд нураана гэж байгаа нь түрээслэгч биднийг дорд үзэж байгаа хэрэг. Нураалаа гэхэд түрээслэгчид яг яах ёстой юм бэ? гудамжинд гарах уу, ажлын байраа чөлөөлж чадахгүй. Ажлаа чөлөөлөхыг шаардсан мэдэгдэл ирвэл бид гарын үсэг цуглуулж, хэвлэлийн бага хурал хийх зэргээр бүх аргаар тэмцэнэ.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Б.Үнэнбат: Урт цагааныг нураах цаг нь болсон. 58 жилийн настай уг барилга нь худалдаа үйлчилгээ явуулахад шаардлага хангахааргүй болсон тул нураах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Мөн түрээслэгч нарын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаарлага хангахааргүй болсон барилга учраас энэ хавар нураах шийдвэр гаргасан байгаа.